Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
Дарга нар индэрт гарч, хүүхдүүд байтугай томчууд ч учрыг нь олмооргүй баахан хууль дүрэм ярьдаг дэг жаяг тогтсон байдаг. Гэтэл уг тогтсон дэгийг эвдэж, нэг төвшинд ээлжлэн үг хэлж, санал солилцох уулзалтыг нийслэлийн 362 мянган хүүхдүүдийн төлөеөлөл хотын удирдлагуудтай өчигдөр уулзалт хийлээ. Уулзалтад Нийслэлийн хүүхдийн холбоо, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхэлдэг, халамжийн байгууллагад амьдарч буй хүүхдүүдийн төлөөлөл болсон 45 хүүхэд оролцсон юм. Харин шийдвэр гаргах түвшний хүмүүсийн төлөөллөөр Нийслэлийн ЗДТГ-ын нийгмийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхамсүрэн, Нийслэлийн тээврийн газрын албаны дарга Ваанчигмаа, болон хүүхдийн талаархи асуудал хариуцсан байгууллага, агентлагын мэргэжилтэнүүд ирж хүүхдүүдийн санал бодлыг сонссон юм.
Уулзалтын үг хэлсэн хүүхэд «Та нарт боломж нь байна. Бидэнд хүсэл эрмэлзлэл байна. Хамтраад бүгдээрээ хүүхдүүдийн өмнө тулгараад буй дараах асуудлуудыг шийдье л дээ» гэсэн юм.
Тэд дарга нартай зиндаархаж индэр дээрээс хэвлүүхэн үгээ хэлж байлаа. Бидэнд чөлеөт цагаа өнгөрүүлэх газар байдаггүй. ЕБС-ийн сурагчдын 20 хувь нь л хичээлийн бус цагаар өөрсдийгөө хөгжүүлж байна. Бусад нь гэртээ харьдаг нэртэй ч гудамжаар дэмий сэлгүүцэж, тамхи архи хэрэглэх, гэмт хэрэгт ходбогдох үүд хаалга дэлгээтэй байдаг.
Иймээс та бүхний туслалцаатайгаар хүүхдийн хөгжлийн төвийг олноор байгуулмаар байна гэдгээ илэрхийлэх гэсэн юм гэж хүүхдийн холбооны гишүүн М. Ариунмөнх хэлэв. Сургуулиуд дээр дугуйлан хичээллэдэг ч маш цөөхөн хүүхэд хамрагддаг. Сурагчдын хөгжлийн төв гэсэн хаяггай өрөө сургууль бүр дээр шахуу байдаг ч дарга нарыг шалгалтаар ирэхэд нээж үзүүлчихээд түлхүүрийг нь нийгмийн ажилтан халааслаад яваад өгдөг. Хорооны дэргэд байдаг хөгжлийн төв ч мөн ялгаагүй. Тэнд ганц хоёр ширээтэй өрөөнөөс өөр хүүхдүүдийг татах юу ч байдаггүй. Компьютерт донтлоо гэж адлахаасаа илүүтэй кибер тэмцээн зохион байгуулж болдоггүй юм уу зэргээр «асуудлаа» хэнээс ч бэргэлгүй хэлж байв.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөлийн хэлж байгаагаар нийгмийн эмзэг бүлэгт хамаарагддаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэг, тэргэнцэртэй болон хараагүй хүүхдүүд явах зориулалтын зам байдаггүй гэсэн асуудлыг тавъж байсан юм. Ийнхүү хэлэлцүүлэгт хүүхдүүд санал хүсэлтээ илэрхийлсний дагуу шийдвэр гаргах түвшний хүмүүс хүүхдүүдийн өмнө тулгарч буй эдгээр асуудлыг хэлэлцэн үзэж, шийдвэрлэх болно гэдгээ амлаж байлаа.
Тухайлбал Нийслэлийн ЗДТГ-ын нийгмийн хэлтсийн ахлах ажилтан Б.Лхамсүрэн «Хүүхдүүдүүд өөрсдөд нъ тулгарч байгаа асуудлыг холбогдох албан тушаалтан, байгууллагад тавьж байна. Бид энэ хэлэлцүүлэгийн протколоос хэлэлцэж болох асуудлыг, холбогдох албан байгууллагад албан үүрэг болгож төлөвлөгөөт ажилд нь тусгаж, яриа биш бодит амьдрал дээр хэ-рэгжүүлэнэ» гэж байлаа. Ийнхүү хүүхдүүд өөрсдийнхөө бодож, эмзэгэлж явдаг зүйдээ зургатаар гарч, индэрийн ард зогссон дарга нартаа нээлттэйгээр илэрхийлсэн юм. Одоо эрхэм дарга нарын хэрэгжүүлэх үүрэг үлдлээ.
Уг уулзалтыг Нийслэлийн хүүхдийн төлөө газраас зохион байгуулсан. Энэхүү уулзалт хэлэлцүүлэг гурван үе шаттайгаар зохион байгууллагдаж байгаа. Эхний хэлэлцүүлэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дүүргийн удирдлагуудтай зохион байгуулсан аж. Цаашид хүүхдийн өмнө тулгарч буй асуудлаар УИХ-гишүүд болон төрийн гурван өндөрлөгтэй уулзаж хэлэлцүүлэг зохион байгуулах ажээ.
Ээжийг минь цалинг нэмж өгөөч гэж хүсмээр байна
Хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийг төлөөлж ирсэн Н.Мөнхцэцэг охинтой хэдэн хором ярилцлаа.
-Миний дүү хэдэн настай вэ?
-14 настай.
-Энд ирсэн хүмүүст юу гэж хэлэх гэж ирсэн вэ?
-Манай сургуулийг битий хаагаасай гэж хэлэх гэсэн юм.
-Танай сургууль яагаад хаагдах болсон юм бэ?
-Би хүүхэд залуучуудын хөгжлийн газрын албан бус сургалтад сурдаг юм. Би энэ сургуулъд тоо бодож, ном уншиж, зураг зурж бас шүрээр юм хийж сурсан. Цаашид энэ сургуульдаа сурмаар байна. Гэтэл манай сургууль мөнгөгүй болоод маргааш хаагдах гэж байгаа.
-Чи хөдөлмөр эрхэлдэг хүүхдүүдийг төлөөлж ирсэн шүү дээ. Ямар ажил хийдэг юм бэ?
-Баянзүрх зах дээр гурил зөөж, ногоо арилгадаг.
-Өдөрт хэдэн төгрөг олдог вэ. Чамд хэцүү биш байна уу?
-Заримдаа гурван мянган төгрөг. Ихэвчлэн мянган төгрөг л олдог. Би долоон настайгаасаа энэ ажлыг хийсэн болохоор хэцүү биш ээ.
-Баянзүрх зах дээр чамтай адилхан гурил зөөдөг хүүхэд олон байдаг уу?
-Зөндөө байдаг ш дээ. Манай найз гэхэд 7-8 хүүхэд байдаг. Бусад хүүхдүүд нъ дандаа том том ах нартай байдаг юм.
-Энэ уулзалтаар юу хүсч байна вэ?
-Миний ээжийн цалинг нэмж өгөөч л гэж хүсмээр байна.
Ч.Гүнсмаа Б.Рэнцэнханд /Нийслэл таймс/