Манай улсын Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга гадаадаар зугаалаад ирэхээ байсан. Д.Батхуяг гэгч энэ хүн Фрийдланд Монголын говьд майхантай хэвтэж байсан шиг хаа байсан АНУ, Францад газар малтаж яваа юм биш байгаа. Ашигт малтмалын хэрэг эрхлэх ёстой дарга Аялан жуулчлагчийн дүрээсээ хэзээ салж булхай луйвраар замарч дуусч байгаа Монголын баялгийг бусдын гараас салгаж өгөх вэ? “Миний цагдаа намайг хамгаална” гэдэг шиг Ашигт малтмалын газрын дарга бол баялгийн цагдаа юм. Төрөөс түүнд баялгаа харж хандаж, хуулийг чанд хэрэгжүүлэх үүрэг хүлээлгэсэн. ЗТАЖ-ын дэд сайдын албыг хашиж байсан Д.Батхуяг 2009 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр энэ газрын даргаар томилогдон ирснээсээ хойш халаа сэлгээг хачин сурамгай хийж, таван мянга гаруй лицензээс мянгаадыг нь цуцалсан гэдэг юм билээ. Гэвч тэр цуцалсан лицензүүдийнх нь хаагуур хууль зөрчиж наймаалцсан, Монгол улсын аюулгүй байдал, эрх ашигт хамааралтай томоохон лицензийн луйврууд сугарч үлдээд, харийнхны мэдэлд очоод байна гэдгийг Авлигатай тэмцэх газар, Хууль хяналтын байгууллагууд, Тагнуулын Ерөнхий Газар нарийвчлан шалгамаар байна.
“Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 27 дугаар тогтоол бий. Энэ тогтоолын хоёрдугаар хавсралтын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах газруудын нэрсийн жагсаалтад газрын ховор элемент бүхий Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лугийн гол орсон билээ. Лугийн голыг стратегийн ач холбогдол бүхий орд газарт нэн даруй хамааруулж төр өөрийн мэдэлдээ авах хэрэгтэй гэж олон ч эрдэмтэд хэлж ярьсаар ирсэн. Энэ орд өнөөдөр Монголын өмч биш болчихоод байна. Лугийн голын ордыг луглагар эрх мэдэлтэй Ж.Билигсайхан гэгч нэг дарганцар 2008 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Реалкокореа” ХХК-д өгчихжээ. Тэртээ тэргүй харийнхны гарт хамаг газраа зарчихсан, тэрний л нэг биз гээд тоохгүй өнгөрөх гэж байгаа бол та түр хүлээзнэ. Тоохгүй байж боломгүйн учрыг товчхон хүргэе.
ЛУГИЙН ГОЛЫН ОРД БАЙХАД ЮУН АЛТ, ЮУН ЗЭС Газрын ховор элемент бүхий Лугийн голын орд биднийг үеийн үед тэжээх уурхай юм. Нэр нь хүртэл “Газрын ховор элемент”. Хүн төрөлхтний шунан дурладаг алтанд хүртэл ийм чухал нэртэй байх аз таараагүй.
Хэргийг нь хийж, үр ашгийг нь хүртээд эхлэхээр алт, зэс хүртэл дэргэд нь чамлагдах энэ үнэт чулууны орд дэлхийд маш ховор бөгөөд манай Монгол улсын Ховд аймгийн Халзан бүргэдтэй, Дорноговийн Лугийн гол, Өмнөговийн Мушгиа хад гэсэн газруудад бий. Нийт илрэлийн тоо нь өнөөг хүртэл ердөө 73 удаа л гарчээ. Зэсээр дагнаж, “зэсийн” хэмээх овогтой болтлоо 30-аад жил ажилласан нэртэй эрдэмтэн сэтгүүлчийн “Та яагаад газрын ховор элемент судлах болов оо?” гэсэн асуултанд “Миний хувьд 30-аад жил ажилласан зэсийн судалгааны ажлаа хаяад гарахад хайран биз дээ. Тэгэхэд л ховор элемент гэдэг чинь тэрнээс хүчтэй татсан байхгүй юу?” гэж хариулсан байдаг. Энэхүү газрын ховор элементийг грамм, тонноор хэмждэг, ислүүдээр нь ялгах тусам үнэ нь тэнгэрт хадна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг K-49-37, К-49-25 байршилтай, 5472 м2 талбайтай Лугийн голын ордын нөөц нь одоогийн байдлаар 360 мянган тонн хэмээн тогтоогдоод байгаа.
Нэг тоннынх нь зах зээлийн ханш 90 мянган ам.доллар. Энэ нь эрх баригчдын амлаад буй Эх орны хишгийг хэд л бол хэдэн удаа тараах мөнгө. Монгол улсын 20-иод жилийн төсөвтэй дүйцнэ. Хэрээ мэдэж, бяраа таниагүй улстөрчдийн амлалтын галыг намжаах зорилгоор Засгийн газраас хорголоо тоолж тараасан 70 мянган төгрөг цагаан сарын өмнө дайн гаргаагүй ч гэлээ дажин болохоо шахсан. Дээдчүүл нь дал наян саяын жийп бие биедээ бэлэглэн золгож байхад дорд ядуус нь ганц ууцны үнэ хүрэхгүй 70 мянган төгрөгөөрөө цагаан сарын ард арай чүү гарцгаасан. Эрх мэдэлтнүүд эздийнх нь нүдийг далан мянган төгрөгөөр сохлоод харийнхны өвөр лүү хамаг баялгийг нь асгаж байна. Монголчуудыг хорьдугаар зууны эхэнд “Алтан дээр сандайлсан гуйлгачид” гэдэг байсан бол өнөөдөр “Алтаа алдсан гуйлгачид” болж дууслаа. Энэ бүхэнд цэг тавьж, элгээрээ мөлхөж байгаа ард түмнээ нар харуулах боломж бидэнд бий. Лугийн голын орд газрынх шиг лицензүүдийг нэн даруй цуцалж стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтдаа авах хэрэгтэй. Өнөөдөр газрын ховор элементийн дэлхийн зах зээлийн 80 хувийг Хятад улс атгадаг. АНУ, Японыг нийлүүлэлтээ хаана гэж айлгадаг хятадуудын орд газар Монгол улстай их ойрхон.
Дэлхийн нийт хэрэгцээний 80 хувийг нийлүүлдэг газрын ховор элемент Өвөрмонголын Баян-Уул гэдэг газрын Баян-Овоотын ордоос гардаг юм. Сонирхуулахад, Монголын эрдэмтэн залуу Б.Энхсайхан АНУ-ын Агаарын хөлгийн иж бүрэн судалгааны үндэсний хүрээлэнд ажилладаг. Б.Энхсайханы докторын зэрэг хамгаалсан ажил нь энгийн үгээр хэлбэл шинэ технологиор бат бэх гагнасан сансрын хиймэл дагуул хийх төсөл юм. Энэ төсөл хэрэгжиж эхлээд жил гаруйн нүүрийг үзэж байгаа. Энэ нь бид тун удахгүй АНУ-д газрын ховор элемент нийлүүлэх боломж, ирээдүй байж болохыг дохиолж буй сайны тэмдэг гэж бодож байна. Шуналтай солонгосчуудын зуун хувь мэдэлдээ оруулаад буй Лугийн голын ордод энэхүү сансрын хөлөг бүтээдэг гол материал бий. Сансрын хөлөг, пуужинг хамгийн хөнгөн, бөх бат материалаар хийдэг.
Хөнгөн цагааныг церконтой хольж энэ материалыг гаргаж авдаг байна. Дэлхийн маш ховор үнэт чулуу болох энэ церкон нь Лугийн голд 360 мянган тонноороо хэвтэж байгаад л хэргийн гол учир байгаа. Стратегийн ач холбогдол бүхий орд газрын тоонд аль хэдийнэ орчих байсан энэ Лугийн голын ордыг санаатайгаар мартаж солонгосчуудад өгчээ гэж би хардаж байна. Шалгаж, шийдвэр гаргах ажлыг нь харин Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Засгийн газар, УИХ хийнэ биз ээ. Анхааралтайгаар харж сууя
СОДОНШАГАЙ |