Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Өнгөрсөн бямба гарагт Чилид 8,8 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас цунами үүсчээ. Үүнтэй холбогдуулан цунами хэмээх гамшиг таригч байгалийн үзэгдлийн тухай товч лавлахыг уншигч танаа толилуулж байна.
Цунами /япон нэр/ гэдэг нь усан дор юм уу эрэг хавьд хүчтэй газар хөдлөх үеэр тэнгис далайн ёроол хөдөлгөөнд орсны улмаас болон галт уул дэлбэрэх зэрэг дэлхийн царцасын хөдөлгөөний бусад үйл явцын үр дүнд үүсдэг маш урт давалгаа юм. Цунами давалгаанууд их хурдтайгаар буюу цагт нэг мянга хүртэл км-ын хурдтайгаар тархана. Давалгаанууд үүсэхдээ өндөр нь 1-5 метрийн хооронд хэлбэлзэх боловч эрэгт дөхөж ирэхдээ 10 метр хүрч болдог байна. Шаантаг хэлбэртэй булан тохой зэрэг эвгүй тогтоцтой газарт 50 гаруй метр хүрдэг ажээ.
Зарим хөнөөлт цунамийн талаар дурдвал:
1906 оны нэгдүгээр сарын 31-нд Колумби, Эквадорын эргийн ойролцоо Рихтерийн шаталбараар 8,8 баллын хүчтэй газар хөдөлжээ. Цунами үүссэний уршгаар 1,5 мянган хүн амь үрэгдсэн байна.
1923 оны хоёрдугаар сарын 3-нд Камчаткийн хойгт 8,5 баллын хүчтэй газар хөдөлжээ. Тэр газар хөдлөлт 1923 оны өвлийн турш болсон цуврал газар хөдлөлтийн сүүлчийнх болсон байна. Цуврал газар хөдлөлтийн ихэнх нь энэ бүс нутагт цунами үүсгэжээ. Хавайн арлуудад үлэмж хохирол учруулсан байна.
1952 оны арваннэгдүгээр сарын 4-нд Камчаткийн хойгийн эргийн ойролцоо Рихтерийн шаталбараар 9,0 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас үүссэн цунами Хавай арлуудыг нөмөрч, нэг сая долларын эд материалын хохирол учруулсан байна. Энэ цунами бас Оросын Сахалин, Камчатка мужийн хот, тосгонд эвдрэл сүйрэл учруулжээ. Арваннэгдүгээр сарын 5-нд 15-18 метр өндөр гурван давалгаа Северо-Курильск хотыг сүйтгэж, зэргэлдээ суурин газруудад хохирол учруулсан байна. Албан ёсны мэдээгээр 2336 хүн амь үрэгджээ.
1957 оны гуравдугаар сарын 9-нд Андргианов, Аляск арал дээр 9,1 баллын хүчтэй газар хөдөлснөөс дунджаар 8-15 метр өндөр хоёр цунами үүсч, 300 гаруй хүн амь үрэгджээ.
1960 оны тавдугаар сарын 22-нд Чилийн өмнөд нутагт Рихтерийн шаталбараар 9,5 баллын хүчтэй газар хөдөлж цунами үүсгэжээ. Чили, Япон, Хавайн арлууд мөн Филиппинд 2,3 мянга орчим хүн амь үрэгдэж, 4 мянга гаруй хүн гэмтэж, 2 сая хүн орон гэргүй болжээ. 675 сая долларын эд материалын хохирол учирсан байна.
1992 оны арванхоёрдугаар сарын 12-нд Рихтерийн шаталбараар 6,8 баллын хүчтэй газар хөдөлж, Индонезийн нутаг дэвсгэрт байрлах Флорес, Бали арлын үлэмж хэсгийг устгажээ. Энэ газар хөдлөлт 26 метр өндөр цунами үүсгэсэн юм. 2200 хүн амь үрэгдсэн байна.
2004 оны арванхоёрдугаар сарын 26-нд Энэтхэгийн далайд, Суматра арлын хойд хэсгийн баруун эргийн ойролцоо 8,8-9 баллын хүчтэй газар хөдөлсөн юм. Үүнээс үүдэлтэй цунами Суматра, Ява арлыг шууд нөмөрсөн байна. Давлагааны өндөр 30 метр хүрчээ. Янз бүрийн мэдээгээр 200-300 мянган хүн амь үрэгдсэн байна. Олон цогцос усанд алга болсон учир амь үрэгдэгсэдийн нарийн тоог одоо болтол тогтоогоогүй. Одоогоор энэ цунамийг түүхэн дэх хамгийн хөнөөлт цунами гэж үзэж байна. Цунамийн давалгаанууд Энэтхэгийн далайгаар төдийгүй Номхон далайгаар тархаж, Курилийн арлуудын эрэг хүрчээ.
2006 оны долдугаар сарын 17-нд Индонезийн Ява арлын өмнөд эрэг цунамид нэрвэгджээ. Янз бүрийн мэдээгээр байгалийн гамшигт 600-650 хүн амь үрэгдэж, 120 хүн сураггүй алга болж, эрэг хавийн 1800 оршин суугч гэмтэж, бэртжээ. 47 мянган хүн орон гэргүй болсон байна. Амралт сувилалын Пангандаран хотхоны эргийн нэгдүгээр шугаманд байрлаж байсан бүх зочид буудал цунамид нуржээ.
2009 оны есдүгээр сарын 29-нд Номхон далай дахь арлын Самоа улсад 8,3 баллын хүчтэй газар хөдлөлт цунами үүсгэжээ. Нийтдээ 140 гаруй хүн амь үрэгдсэн байна.
Д.Жаргал