Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Хойд хөрш шатахууны үнийг тонн тутамд 50-60 ам.доллараар өсгөжээ. Харин манай импортлогчид литр тутамд 66-70 төгрөгөөр нэмэв.
"Энэ бол дэлхийн зах зээлд 2008 онд хар алтны үнэ 148 ам.долларт хүрсэн үеийнхээс буураагүй ханш. Гэтэл өнөөдөр баррель нефть 79 ам.доллар хүрч, 2008 оныхоос 50 хувь хямдарчээ. Зах зээлийн шударга хуулиар манай улсад шатахуун 50 хувь хямдрах ёстой цаг үе нь болсныг ийнхүү гэрчиллээ" хэмээн эдийн засагч Г.Доёд хэлсэн юм.
"Чоно борооноор" гэгчээр сар шинийн баярыг далимдуулан хэрэглэгчиддээ барьсан импортлогчдын "бэлэг" нь энэ.
Хамгийн олон үйлчлүүлэгчтэй нефтийн компаниуд энэ удаа ч оройлж, хамгийн түрүүнд үнэ өсгөсөн юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тэдгээр ШТС АИ-92 1329 төгрөгийн үнэтэй байснаа 1395, АИ-95 1410-аас 1480 төгрөг, А-80 1180 төгрөг байснаа 1250, дизелийн түлш 1255-аас 1325 төгрөг болж, литр тутамдаа 66-70 төгрөгөөр өссөн юм. Энэ мэтчилэнгээр бусад компани өнөөдрөөс эхлэн шатахуун, түлшний үнийг өсгөхөөр төлөвлөжээ.
"Үнийн санал ирээгүй" гэдэг ганц малгай үгтэй тэд энэ удаад ч ийн хуйвалдлаа. Үнийг хэлэлцэн тохирч шударга бусаар нэмснийх нь хариуцлага ердөө л 250 мянган төгрөгийн торгууль. Импортлогч эздийн нэг удаагийн цайны мөнгөөр төр тэдний толгойг илдэг болохоор хэрэглэгчдэд очиж байгаа шатахууны ханш дээшээ л байвал "ок".
Үнийг бууруулахдаа 10-20 төгрөг хасч, нэмэхдээ 70 төгрөгөөр өсгөдөг
Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан "Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ өссөн. Манай гол бэлтгэн нийлүүлэгч ОХУ экспортын татвараа түүхий тосон дээр нэмлээ. 10 гаруй ам.долларын зөрүү гарч байгаа ч энэ нь шатахууны үнэд нөлөөлөх хэмжээний мөнгө биш" гэж мэдэгдсэн.
Дэлхийн зах зээлд түүхий тосны үнэ буурахад импортлогчид "Энэ нь бидэнд хамаагүй. Манай улс хойд хөршөөс эцсийн бүтээгдэхүүн авдаг" гээд гүрийчихдэг.
Эрээ цээргүй, ёс зүйгүй импортлогчдын эл араншинд эгдүүцсэн хэрэглэгчид "Литр тутамд 50-60 төгрөгөөр үнэ нэмдэг байлаа. Одоо 70 төгрөгөөр өсгөж байна. Харин үнийг бууруулахдаа 10-20 төгрөг л хасдаг.
Хүний нүдэнд харагдаж мэдрэгдэхээр бууруулдагсан бол өсөх үед нь нэмэлгүй л яахав. Шударга бус гэдэг нь ил тод байна шүү дээ" хэмээн дургүйцлээ илэрхийлж байна.
"Шударга бус гэдэг нь ил тод байна" гэж хэрэглэгчид бухимдаж байхад Шударга өрсөддөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан хууль, эрхзүйн үндэслэлгүй гэдэг улигт тайлбараа хийж, иргэдийн эрх ашгийг хамгаалах биш, харин ч "хуйвалдан" хохироож байгаа нь хачирхалтай. Тиймээс ажлаа хий л дээ гэдэг сануулга ч багадахаар байна.
Хар алтны үнэд захирагддаг, харин хямдралаас нь зугтдаг импортлогчдыг заавал эрхлүүлэх шаардлага байна уу?
Т.Ганчимэг