Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингөөр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сарын 1-нд хүчний байгууллагуудын ажлын уялдаа холбоо ямар байгааг шалгахаар өчигдөр хаалттай хуралдлаа. Бүр давхар, давхар харуулаар мануулсан уг ажлын хэсгийнхний хуралдаан 15.00 цагт Төрийн ордонд эхэлсэн ч Монгол Улсын Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр 15.30 цагийн үед яарч сандарсаар “Е” танхим руу орж байгаа харагдав. Түүнийг үймээний үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Онц байдал зарласан хүнийх нь хувьд, мэдээлэл авахаар урьсан нь энэ аж. Мөн энэ өдрийн хуралд үймээн болсон тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан бусад албаны хүмүүс ч мэдээлэл өгсөн дуулдана.
Ажлын хэсгийнхэн олны нүднээс нуун байж мэдээлэл сонссон учрыг мэдэхгүй ч эх сурвалжийн хэлж буйгаар тухайн үед буудах тушаалыг хэн ч өгеөгүй, хэний ч буунд сум байгаагүй гэдгийг батлахыг хичээн, бие биерүүгээ асуудлыг түлхэж байсан гэнэ. Түүнчлэн цагдаа нар иргэдийн эрх чөлөөнд халдаагүй, харин ч өерсдөө олноороо бэртэж гэмтсэн тухайгаа албаны хүмүүс мэдээлжээ. Ийнхүү гурван цаг гаруй хуралдсан ажлын хэсгийнхэн танхимаас гарч ирэх үед Ө.Энхтүвшин гишүүнээс хуралдааны талаар тодруулахад “Долдугаар сарын 1-ний ажлын хэсэг дүгнэлтээ гаргахад бэлэн болсон. Мэдээлэл авахаар зэхэж байсан бүх хүнээс асуулт, хариултаа авч дууслаа” хэмээв. Тэгэхээр тун удахгүй долдугаар сарын 1-нд хууль хяналтынхан, холбогдох албан тушаалтнууд хэрхэн яаж ажилласан талаарх дүгнэлт гарах нь тодорхой боллоо.
Ямартай ч ард түмнийхээ эсрэг буу шагайсан албан тушаалтнууд мэдээллээ Төрийн ордонд хийж, хэнийг ч оруулахгүй хаалттай хуралдсанаар асуудлаа томчуудын хүрээнд шийдэх гэж байх шиг байна. Хэрэв ийнхүү асуудлыг нууж далдлан шийддэг аргаараа долдугаар сарын 1-ний үймээнд хяналт тавьсан Ерөнхийлөгч, сайд, дарга нараас “Бууд” гэж тушаасан эзнийг олохгүй бол үймээнд оролцсон иргэд, амиа алдсан залуусын ар гэрийнхэн буруутан болж үлдэх нь ээ.
Б.Өлзийдэлгэр /Нийгмийн толь/