Array ( ) Чухал ажил мэргэжилтэй хүмүүст вакцин хийнэ

Чухал ажил мэргэжилтэй хүмүүст вакцин хийнэ
2010/01/12
Share |
Хүмүүс:
Компани:

Монгол оронд гахайн томуугийн H1N1 вирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гахайн томуугаар хүн өвчилсөн нь лабораториор баталгаажиж, нэг хэсэгтээ л бид сандарсан. Гэсэн хэдий ч удалгүй байдал намжиж, ажин түжин амьдрал үргэлжилж эхлэв. Сүүлийн үед хүйтний эрч улам чангарч байна. Хүйтний улирлыг дагаад ихэсдэг өвчин бол ханиад. Гахайн ханиадаар өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдлыг сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорив. Биднийг очиход ХӨСҮТ-ийн "Шинэ ба сэргэж буй халдвар" -ын хаалганы гадна хэн ч үзэгдсэнгүй. Намар оройхон энэ газрын хажуугаар явж байхад гаднах шат руу нь хэдэн давхар дараалал үүссэн байж билээ. Хүйтэн болохоор өөр газар руу шилжсэн юм байлгүй хэмээн бодоод хаалгыг нь нээв. Гэтэл тэнд үзүүлэх гэж байгаа хүн алга. Ингээд ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ч.Уртнасантай уулзлаа. Тэрээр "Манай эмнэлэгт томуугийн А хүрээний Н1N1 вирусээр өвчилж, хэвтэн эмчлүүлж байгаа хүн одоогоор алга" хэмээн угтав. Харин дүүргүүд дээр гарын таван хуруунд багтахаар хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар томуугийн А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн хүний тоо 1259-т хүрсэн байна. Улаанбаатар хотод 815, хөдөө орон нутагт 444 хүн өвчилсөн гэсэн мэдээ байна. Сүүлийн үед томуугийн вирусээр дахин хүн нас барж, хорвоогоос хальсан хүний тоо 29-т хүрсэн гэх яриа газар аваад байна. Энэ талаар лавлахад "Үгүй ээ. Одоогоор манайд бүртгэгдсэн тохиолдол алга. Хамгийн сүүлд Дундговь аймагт нас барсан хүүхэд бүртгэгдсэн" гэлээ.
Тус өвчнөөр нас барсан хүмүүсийн дийлэнх нь насанд хүрэгчид байгаа юм. Харин эдгээрийн тав нь хүүхэд аж. Нийслэлийн хэмжээнд гахайн ханиадаар өвчилсөн хүний тоо харьцангуй намжсан ч хөдөө орон нутгийн хувьд байдал эсрэгээрээ байна.

Гахайн ханиаднаас шалтгаалж, хөл хорио тогтоосон газрууд ч бий. Өдгөө Монгол оронд гурван есийн жавар тачигнасан өдрүүд үргэлжилж байна. Хүйтэнд хамгийн тэсвэртэй вирусыг ханиадны вирус гэдэг. Өнөөдрийн байдлаар улс орон даяар амбулаториор үзүүлж байгаа өвчтөнүүдийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүний дотор цөөн тохиолдолд H1N1 вирусийн халдвар бүртгэгдээд байгаа аж. Энэ оны эхний долоо хоногт томуутай байгаа 100 хүнээс шинжилгээ авсан байна. Гэтэл 17 тохиолдол томуугийн вирусийн халдвартай гэж оношлогджээ.

ЕБС-ийн сурагчдад гахайн томуугийн эсрэг вакцин хийж эхлээд байгаа. Өнгөрөгч долоо хоногт ДЭМБ-ын шугамаар 100 мянган хүн тун Вакцин манай оронд ирсэн. Өмнө нь ирсэн 60 мянган хүн тун вакцинаас 18 мянгыг Нийслэлийн 14 ЕБС-д тарьсан. Энэ сарын 11-18-ны хооронд нийт 111 мянган хүнд вакцин тарихаар болжээ. Эдгээрийн 51 мянгыг хөдөө орон нутаг, аймгууд руу хувиарласан байна. Харин үлдсэн 50 мянга орчмыг Улаанбаатар хотод тарихаар төлөвлөөд байгаа аж. Хотод тарих вакцины 36 мянга орчмыг Улаанбаатар хотын ЕБС-д, үлдэж байгаа 28 мянган хүн тун вакциныг Улаанбаатар хотын 64 эмнэлгээр дамжуулж, чухал ажил мэргэжилтэй хүмүүст тарихаар болжээ. Чухал ажил мэргэжил гэдэгт эмнэлэг, цагдаа, гааль, онцгой байдлын ажилтнууд, сэтгүүлчдийг хамруулаад байгаа юм байна. Халдвар гарсан үед нийтэд үйлчилдэг чухал ажил мэргэжлийн гэсэн 28 мянга орчим хунд тарихаар хуваарь хийгээд байгаа аж. Одоогоор орон нутгийн вакцинуудыг хүргэж, Улаанбаатар хотын вакцинуудыг хувиарлаад байна. ДЭМБ-ын тусламжаар ирсэн учир энэ вакциныг үнэгүй хийх юм.

Өчигдөр ХӨСҮТ-ийн захирлын тушаалаар вакциныг хуваарийн дагуу хүргүүлсэн. Одоо 160 мянган хүн тун вакцин тарина. Түүний дараагаар манай оронд ДЭМБ-аас 170 мянган хүн тун вакцин ирүүлэхээр болжээ. Мөн Засгийн газраас хөрөнгө гаргаж, 540 мянган вакцин авах тухай яригдаж байгаа. Энэ бүх вакциныг хийвэл улсын хэмжээгээр 860 орчим мянган хүн вакцинжуулагдах юм. Олон хүнд дархлаа үүсвэл энэ өвчний вирусын тархалт хязгаарлагдана хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Ж.ТАГТАА /Нийслэл таймс/

Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.