Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Голланд улсын Амстердам хотод нутаг нэгтнээ онц хэрцгийгээр тамлан хөнөөж, тус улсын шүүхээс 10 жил хорих ялаар шийтгүүлсэн “хутга” хочит З.Энхбаяр өнгөрсөн сард Бельгийн шоронгоос африк залуутай хамт оргожээ. Оргодлуудыг тус улсын цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа бөгөөд монголын талд энэ тухайгаа мэдэгдсэн байна.
З.Энхбаяр 2007 оны хавар Голланд улсын Амстердам хотод нутаг нэгт Ш.Гэрэлт-Одыг “Машин үнэгүй засч өгсөнгүй” хэмээн 21 удаа хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан юм. Хэрэгтнийг Голландын цагдаа нар хоёр сар гаруй эрэн сурвалжилсны эцэст Польшийн хил дээр саатуулсан гэдэг. Түүнд тус улсын анхан шатны шүүхээс 12 жилийн хорих ял ногдуулсан бол дээд шүүх нь 10 жил болгож бууруулсан. “Хутга” Баяраа хүний амь хөнөөсөн байтал Голландын шүүх манай улсын хуулиар бол хулгай хийсэн хүнтэй тэнцэхүйц хэмжээний ял ногдуулсан.
Мөн иргэнээ үл тоомсорлодог Монголын төрд гомдолтой байгаа талаараа хохирогчийн ээж Ц.Намжилмаа манай сонинд нулимстай ярилцлага өгч байсан удаатай.
ТАЛИЙГААЧ МОНГОЛЫН ДУГУЙН СПОРТЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН БАЙВ
2007 оны тавдугаар сарын 29-нд Ш.Гэрэлт-Од Голланд руу ажил хийхээр явжээ. Түүнийг дотны найз Д.Зинаадугар нь дагуулж явсан гэдэг. Ш.Гэрэлт-Од Монголд байхдаа жолооч байсан учир очсон даруйдаа ч энэ ажлаа үргэлжлүүлэн хийжээ. Гэтэл нэг өдөр найз Д.Зинаадугар нь түүн дээр өөрийн танил “хутга” хочит Баярааг дагуулан ирж, машиныг нь засч өгөхийг “үүрэгдэж”. Машин засуулсан хөлсөө өгөхөөс “луу унжсан” Баяраа хохирогчийг ойролцоох байранд оруулж хэрцгийгээр тамлан хөнөөсөн тухай талийгаачийн ээж ярьж байсан. Голландын цагдаа нар энэ хэрэгт хам хэрэгтнээр Д.Зинаадугарыг шалгаж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэрэгсэхгүй болгожээ. Талийгаач дугуйн спортын мастер бөгөөд энэ спортоор Монголын урдаа “барьдаг” тамирчин байсан гэдэг. Тэрээр эх нутагтаа байхдаа “Билгүүн тулга” авто сургуульд багшилж байжээ.
“ХУТГА” БАЯРАА НУТАГ НЭГТНЭЭ ДЭЭРЭЛХЭЖ МӨНГӨ “ТОНШДОГ”
Түүнийг харийн оронд хөдөлмөр эрхэлж буй нутаг нэгтнүүдээ сүрдүүлж мөнгө “тоншдог” нэгэн болохыг тэнд байдаг монголчууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Мөнгө өгөхгүй гэсэнд нь хутга тулгадаг учраас Баяраа “хутга” хочтой болжээ. Мөн гадаадад нутаг сэлгэн амьдарч, нэрээ хүртэл байнга өөрчилдөг байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Н.Оч, З.Баяраа, Н.Баатар гэх мэт олон нэрээр бүртгүүлсэн байсан аж.
Талийгаачийн ээж хүний амь насыг онц хэрцгийгээр хохироосон З.Энхбаярт Голландын шүүх 10 жилийн хорих ял ногдуулсанд гомдолтой байгаагаа илэрхийлж, Монголын төрөөс өмгөөлөл хүссэн ч татгалзсан хариу өгчээ. Монголын цагдаагийн байгууллагад хэргийг өөрийн улсдаа шилжүүлж, шийдвэрлэхийг хүсэхэд “Голланд улсдаа шийдвэрлэнэ. Санаа зоволтгүй, бүх зүйл хуулийн дагуу болно” гэсэн хариу өгч. Гадаад харилцааны яам ч мөн адил “Танд өмгөөлөгч авах мөнгө байхгүй бол хэргийг дахин задлах боломжгүй” гэсэн хариу тайлбар өгч нүүрээ буруулжээ.
Гадаадад байгаа иргэнийх нь эрх зөрчигдлөө, хэрэгт холбогдлоо, ядарлаа, зүдэрлээ гэсэн мэдээлэл бүрт “Харин тийм гэнэ. Бид хэвлэлээс л мэдлээ. Энэ талаар албан ёсны мэдээлэл бидэнд байхгүй” гэсэн хариултыг ёс юм шиг өгдөг ГХЯ-ны Консулын хэлтсийнхэн Голландын шоронгоос оргосон “хутга” Баяраагийн талаарх мэдээлэл ирээгүй гэдгийг энэ удаа ч гэсэн хэлж байна
Д.Болормаа