Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Манай улсад “нохойн битүү туурай, ногоон хурганы арьс” ч бий байх. Сонгууль болохоор хэзээ ч юм биднийг орхиж одсон талийгаач өндийж ирээд сонгогчийн үнэмлэх авч, нэг айлын хаяган дээр 42 нас биед хүрсэн сонгогч амьдарч байна гээд бодохоор бид байхгүйг бий болгож, үхсэнийг амьдруулж чаддаг шидтэй улс биш гэж үү?
Улс төрийн намууд, нэр дэвшигчдийн хувьд санал бүр үнэ цэнэтэй. Тийм ч учраас сонгогчдын тоо гэдэг ухагдахуун үргэлж анхаарлын төвд байсаар ирсэн. Өнгөрсөн хаврын Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ тоо зуу зуун мянгаар зөрж байв. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа нэгэн судалгааны байгууллагын хийсэн мониторингоор Монгол улсын хэмжээнд 116568 сонгогч 432149 хаяг дээр давхар бүртгэгдсэн байжээ. Үүний 70 орчим хувь нь нийслэлийн иргэд байсан гэдэг. Зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд л нас барсан 58 хүний нэр дээр сонгогчийн үнэмлэх бичигдсэн тухай яригдаж байсан билээ. Мөн хоёрхон өрөө байрны хаяганд 42 сонгогч оршин суудаг болж таарсан нь орчин цагийн “хүн сүрэг” бий болчихов уу? гэж цочирдоход хүргэж байлаа. 2006 онд Хөвсгөлийн 46 дугаар тойргийн нөхөн сонгуулиар сонгогчдын тоо 16 мянга уу, аль эсвэл 20 мянга уу гэдгийг л олж тогтоохын тулд ИБМУТ-өөс ажлын хэсэг томилогдон долоо хоногийн турш цаасан дээр томруулдаг шил бариад “алга бологчид” хийгээд өөрийгөө “хувилан олшруулагчдыг” илрүүлэх, хайх ажлыг хийж байсан юм. Харин энэ удаагийн Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар сонгогчдын тоо ямар байгаа, жагсаалт бодитой гарч байгаа эсэх, нэмэгдэх нь үү, хорогдох нь уу гэдгийг улс төрийн намууд болон нэр дэвшигчид хэр зэрэг хянаж, анхааралдаа авч байгаа юм бол?
Хуулинд Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Сонгуулийн Ерөнхий Хороонд иргэдийн нэрсийн жагсаалтыг хүлээлгэн өгөхөөр заасан. Энэ ёсоор өнгөрсөн сарын 13-нд Улсын бүртгэлийн ерөнхий газраас Чингэлтэй дүүргийн сонгогчдын нэрсийг гаргаж СЕХ-нд албан ёсоор өгсөн билээ. СЕХ-ноос энэхүү сонгогчдын нэрсийн жагсаалтыг компьютерт оруулан бэлэн болгож өчигдөр 24 дүгээр тойргийн хороонд 98747 хүний нэрс өгчээ. Гурав хоногийн өмнө буюу 10 дугаарын 4-нд зарлагдсан байх учиртай энэ нэрсийн жагсаалт бас л маапаантай болж таарлаа. Хоёр жилийн өмнө нас барсан хүний нэр байна л гэнэ. Өнгөрсөн 7 дугаар сард өөд болсон хүн ч явж байна гэх. Мөн сонгуулийн насанд хүрээгүй хүүхдийн нэр ч цөөнгүй байсан талаар ярьж эхэллээ. Эхнээсээ сонсдож буй нь энэ. Цааш хэдэн хүнийг давхар хаяганд бүртгэж, хэдэн нас барагчид нөхөн сонгуулийн дуулианаар өндөлзөж ирэхийг хэлж мэдэх юм алга.
Нийслэлийн 24 дүгээр тойргийн сонгуулийн хороо одоогоор хоёр өөр тоо гартаа атгаад сууж байгаа юм. Эхнийх нь СЕХ-оос ирүүлсэн 98747 гэсэн тоо, нөгөөх нь дүүргээс гаргасан 78603 сонгогчид байгаа гэх тоо. Энэ хоёр тооны алин байлаа ч энэ удаагийн нөхөн сонгууль өгөх дүүргийн сонгогчид багагүй нэмэгджээ. 2009 оны 5 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгуулиар 75000 мянга орчим сонгогч бүртгэгдэж 50000 гаруй нь саналаа өгсөн. Үүнийг дүүргээс ирүүлээд буй 78603 гэсэн тоотой харьцуулахад л дөрөвхөн сарын дотор тус дүүргийн иргэд даруй 4000 орчмоор өсчээ. Сонгогчийн үнэмлэх, жагсаалтыг бүгдийг компьютерт оруулж байгаа ч гэсэн нас барсан болон насанд хүрээгүйчүүдийг бас л бүртгэчихлээ. Хэзээ бид энэ жигтэй байдлаасаа салж сонгуулиа хэвийн явуулдаг болох вэ?