Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Мобиком, Скайтел, Юнител компаниудын хамтарсан мэдэгдэл гараад хоёр хонож байна. Харин ард түмэн энэхүү мэдэгдэлд ямархуу байр сууринаас хандаж байгааг интернэт хэрэглэгчдийнхээ дунд саналаар асууж байна.
Үүрэн телефоны оператор Жи-Мобайл компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр интернэт протокол ашиглан Олон Улсын ярианы холболт хийж байгаа, мөн 2009 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн сүлжээндээ төдийгүй төрийн өмчийн оролцоотой суурин холбооны Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоог нэгтгэн хоорондоо 0 төгрөгөөр, хязгааргүй үнэгүй ярих тухай мэдээлэл сурталчилгааг хүчтэй явуулж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, буруу мэдээллээр хангасан үйлдэл болсон. Түүнчлэн харилцан холболтын тухай журмыг ноцтой зөрчиж, төрийн өмчийн оролцоотой харилцаа холбооны компаниудыг үнэгүйдүүлэхийг оролдож байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай бусад хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдэл юм.
Иймд мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтыг алдагдуулсан, холбогдох хууль дүрэм журмуудыг зөрчсөн энэхүү үйлдлийг таслан зогсоох үүднээс Мобиком, Скайтел, Юнител ХХК-ууд 2009 оны 8-р сарын 19-ний 01 цагаас эхлэн Жи-Мобайл компанитай харилцан холболтондоо тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого зохицуулагч байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо болон Мобиком, Скайтел, Юнител ХХК-уудаас Жи-Мобайл ХХК руу удаа дараалан албан бичиг явуулж энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг мэдэгдсэн. Гэвч Жи-Мобайл ХХК энэ асуудлаар ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа тул үүрэн холбооны операторууд өгсөн мэдэгдлийнхээ хүрээнд дараагийн шатны арга хэмжээг авч, харилцан холболтоо хязгаарлахаас өөр аргагүйд хүрснийг хэрэглэгч та бүхэн ойлгон хүлээн авна гэдэгт найдаж байна.
Бид үүсээд байгаа энэхүү асуудлаар үргэлжлүүлэн Монгол Улсын төр засгийн шат шатны байгууллагуудад хандан ажиллах болно.
Аливаа бизнесийн байгууллага нь зөвхөн хуулийн хүрээнд, бизнесийн өндөр ёс зүйн хэм хэмжээг баримталж, шударга өрсөлдөөний орчинг бий болгож, хэрэглэгчдийн ирээдүйн эрх ашгийг дээдлэн ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.
МОБИКОМ ХХК СКАЙТЕЛ ХХК ЮНИТЕЛ ХХК 2009-08-19