Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
(1).jpg)
Улс төрийн зүй зохистой байдал, байх ёстой хэм хэмжээнээсээ хальж, хэний ч санаанд оромгүй хэтийдсэн алхмуудыг хийгээд ирэхээрээ л таагүй нэр хоч, элдэв хар томъёо гарч ирдэг. Яг л энэ жишгээр Д.Дэмбэрэл даргын ангийн Эрдэнэтээс сонгогдсон Д.Дамба-Очир гишүүн хулхи Очир хэмээн шинэ гуншинтай болсон юм байх аа.
Яагаад хулхи нэртэй болчихсон нь мань хүний сүүдэр шиг дагалдах өнөөх л Лүнгийн чиглэлийн замтай холбоотой. ёстой л дээгүүр нь давхисан машиныг тарааж, дотор нь суусан хүмүүсийн элэг, бөөрийг доргиосон "мундаг" зам байна лээ. Уг замыг захиалагч нь Зам тээвэр, аялал жуулчлалын яам, гүйцэтгэгч нь "Очир төв" компани буюу эрхэм гишүүний "саалийн үнээ" юм.
Тодруулбал, 2006 онд энэхүү Улаанбаатар-Лүн чиглэлийн 106.2 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг улсаас эргэн төлөгдөх нөхцөлтэй, тухайн компани өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх олон улсын тендерийг холбогдох яамнаас зарласан байдаг. Харин энэ тендерийг Д.Дамба-Очир эр хүний 13 мэхнийхээ нэгийг гаргаж тухайн үеийн Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын халаасыг хэдэн бор юмаар мялаасан тухай алдуул яриа одоо ч хүртэл улс төрийн хүрээнийхний цайны хачир болдог. Тэр ч бүү хэл гадаад, дотоодын туршлагатай компаниудаас шалгарах ямар ч магадлалгүй байсан хэрнээ гэнэт л тодорсон гэх юм билээ.
Ингэж улсын хөрөнгийг тэрбум тэрбумаар "саах" боломж өвөртөлсөн "Очир төв" компани 2007 оны гуравдугаар сард улстай АБ316 тоот гэрээ байгуулан зам барих ажлынхаа гарааг эхэлжээ. Уг гэрээ ёсоор зам тавих ажил өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 1-нд дуусч, ашиглалтад орох ёстой байсан. Гэвч юун ашиглалтад орж, олон түмний сэтгэлийг амраах манатай "солгой" гараараа тавьсан зам нь эхнээсээ цоорч, үйрч компанийнх нь ажилчид шинэ зам барих биш өмнөх оромдсон зам дээрээ нөхөөс, шаваас тавихаас илүү гарч чадахаа больжээ. ёстой л шинэ зам ашиглалтад орохоосоо өмнө ашиглалтаас гарсан гэхэд хилсдэхгүй болсон гэдэг. Харин мань эр энэ зуур шинэ зам барих ажлаа зам засвар болгон хувиргаснаар 2008 оны УИХ-ын сонгуульд оролцох намынхаа татвар 20 сая төгрөгийг улсын мөнгөөр төвөггүйхэн төлж чаджээ.
Шинэ зам барих ажлын төсөвт өртөг нь 21 тэрбум 238 сая 900 мянган төгрөг аж. Гэтэл тухайн үеийн ханшаар км хатуу хучилттай замыг дунджаар 120 сая төгрөгөөр барина гэж бодоход уг ажилд 12 тэрбум төгрөгийн зардал гарах нь тодорхой байна. Гэвч үнэн чанартаа эрхэм түшээ анх тендерт оролцохдоо ийм хэмжээний хөрөнгөтэй байсан эсэх нь бас л эргэлзээтэй юм. Учир нь тэрбээр тендерт ялан ажлаа эхлээд cap гаруйн хугацаа болов уу
үгүй юу "Уучлаарай, хөрөнгө мөнгөгүйн улмаас шинэ зам тавих ажил маань саатлаа. Мөн нэмэр дээр нэрмээс гэгчээр мөнгөгүй ядаж байхтай зэрэгцээд тэнгэр хангай хүртэл хур бороогоор бөмбөгдөөд хучилтын ажлыг саатуулж байна" хэмээн гоншигонож улсын төсвөөс нэг тэрбум төгрөг авч байсныг санаж байна.
Гэвч тэрбээр улсын хөрөнгийг тэрбумаар нь халааслаад зогссонгүй нэг үгээр хэлбэл гэдэс нь цадсан ч сэтгэл ханасангүй гэдэгчлэн цэвэр ашиг нь чамлагдаж дараагийн төлөвлөгөөндөө ханцуй шамлан оржээ. Тодруулбал, гэрээний дагуу уг замыг "Очир төв" өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулаад, дараагийн жилээс нь мөнгөө эргүүлэн авах учиртай. Ингэхдээ эхний жил зургаан тэрбум, дараагийн жилд нь мөн л зургаан тэрбум гаруй, гурав дахь жилд нь үлдэгдэл буюу есөн тэрбум орчим төгрөг улсын төсвөөс эргүүлэн авахаар гэрээ хийсэн аж. Өөрөөр хэлбэл, замын ажлаа урт, өргөнөөс нь таначихалгүй, чанартай сайн хийчихэд л түүнд ийм хэмжээний мөнгө хүссэн хүсээгүй ороод ирэх нь ойлгомжтой байсан юм.
Гэвч даахгүй нохой булуу хураана гэдгийн үлгэрээр улсын нүсэр ажлыг хувийнхаа чадваргүй компанид "эзэмшил" болгосон эрхэм түшээ ажлын ачааллаа дийлэхгүй болсноо мэдэн хоёр ч компаниас тусламж хүсэн "хадаг" барьсан юм байх. Нөгөөдүүл нь ч үгсэн хуйвалдаж, ханцуй шамлан ажилд нь тусалж эхэлжээ. Тусламжийн гараа сунгасан хоёр буянтан нь БНХАУ-ын "Дунь Чань" гэх зам, гүүрийн компани, "Улаанбаатар АЗЗА" ХХК юм.
Гэхдээ ч мань эр хатуу хучилттай бус үхрийн бөөр шиг арзайсан, аргацаасан зам тавих ажилд мэргэшсэн нэгэн. Ямар сайндаа л 2004 оны УИХ-ын сонгуульд хүч үзэхдээ эх нутагтаа бас л нэг иймэрхүү зам бий болгоод хаясныг орон нутгийнхан нь "Эрдэнэтийн Лүн" хэмээн нэрийдэх вэ дээ. Тэгээд ч түүний төрийн түшээ болох анхны хөрөнгө мөнгөний асуудал нь иймэрхүү зам зуураар шийдэгддэг нь бусдын атаархлыг төрүүлдэг гэсэн шүү. Ямар сайндаа л "Дамба шиг зам барих юмсан" хэмээн нутгийн түшээд нь хуучилж суух вэ дээ
Эх сурвалж: Нийгмийн толь