Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |
.jpg)
Улсын нөөцөөс албан тушаалаа ашиглан их хэмжээний хөронгө шамшигдуулсан хэргээр Онцгой байдлын ерөнхий газрын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр дөрвөн жил, Онцгой байдлын ерөнхий газрын нөөцийн асуудал эрхэлсэн дэд дарга А.Даваасүрэн нэг жилийн ялыг Сүхбаатар дүүргийн шүүхээс сонсч Ганцхудаг дахь урьдчилан хорих төвд саатуулагдаад байсан билээ.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр тэд батлан даалтаар тус хорих төвөөс гараад байгаа гэнэ. Мөн дараачийн шатны шүүхэд давж заалдаж байгаа ажээ. Учир нь дээрх нэр бүхий хүмүүсийг эхлээд хээл хахуулийн хэргээр Авилгатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Явцын дунд хэрэг нь албан тушаалын гэмт хэрэг болон хувирч прокуророос албан тушаалын гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдэн ялласан. Иймд дахин мөрдөн байцаалт явуулах ёстой хэмээн үзэж байна.
Хэрвээ дахин мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэж үзвэл тэднийг Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах уу, УМБГ-аас шалгах уу, эсвэл Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас хэргийг мөрдөн шалгах уу гэдгийг тодорхойлох ёстой аж. Гэхдээ энэ хэрэг хээл хахуулийн биш албан тушаалын гэмт хэрэг болон хувирч албан тушаалын гэмт хэргийн зүйл ангиар ял сонсоод байгаа. Тэгэхээр Авилгатай тэмцэх газарт ямар ч хамааралгүй болоод байгаа юм байна.
Тэгвэл энэ хэргийг УМБГ эсвэл Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгах ёстой. Эдгээр хүмүүс УИХ Засгийн газар болон Улсын онцгой байгууллагад ажиллаж байсан учир Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба мөрдөн шалгах ёстой хэмээн мэргэжлийн хүмүүс ярьж байна. Анхан шатны шүүхэд давж заалдах хугацаа 14 хоног, дараачийн шатны шүүх хэргийг таслан шийдвэрлэх хугацаа 30 хоног байдаг. Хэрвээ хуулийн дагуу явах юм бол наад зах нь 45 хоног хэрэгтэй. Тэднийг анх шалгаж эхэлсэн Авилгатай тэмцэх газар хэргийг дахин шалгаж прокурор хээл хахуулийн хэрэг мөн хэмээн тогтоовол С.Отгонбаяр, А. Даваасүрэн нар одоо яллагдаад байгаа албан тушаалын гэмт хэргээсээ арай өөр хээл хахуулийн гэмт хэрэг гэсэн зүйл ангиар ял сонсох юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 268 дугаар зүйлд хээл хахууль авах гэсэн зүйл анги бий. 268-ийн нэгд “Албан тушаалтан, хээл хахууль авагч нь ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө эсвэл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин хэмжээний төгрөгөөр торгох эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. 268.2-т “Энэ хэргийг хясан боогдуулах замаар эсвэл давтан буюу урд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд түүнчлэн зохион байгуулаттай бүлэг гэмт бүлэглэл үйлдсэн, эсвэл их буюу онц их хэмжээний хэл хахууль авсан бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг ажээ.
Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйл буюу хээл хахууль өгөх гэсэн зүйл ангид “Адбан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулан хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар шийтгэнэ” 269-ийн хоёрт “Энэ хэргийг давтан эсвэл урьд ял шийтгүүлсэн этгээд түүнчлэн зохион байгуулалттай бүлэг гэмт этгээд үйлдсэн бол 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна. 270 дугаар зүйл буюу хээл хахуульд зуучлах гэсэн зүйл ангид “Хээл хахууль өгч авахад зуучилсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 cap хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” 270-ийн хоёрт “Энэ хэргийг давтсан, эсвэл хээл хахуулийн хэрэгт урд нь ял шийттүүлсэн этгээд албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртлэх хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Хээл хахуульд зуучилсан этгээд энэ тухайгаа эрх бүхий байгууллагагад сайн дураараа мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн байдаг ажээ
Эх сурвалж: МОНЦАМЭ