
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалын байцаагчид хил дээр цугларсан хөнгөн цагаан , хайлш, төмрийн хаягдлыг хилээр гаргаж гаршсан байна. Тэд хаягдал төмрийн бизнес эрхлэгчдээс авлига авч, олог тн-оор нь гадагш гаргасан тухай мэдээлэл цагдаагийнханд ирж , үүний мөрөөр ажлын хэсэг томилон тус боомтод арав орчим хоног ажиллажээ. Өнөөдөр Бичигтийн боомт хавийн айл өрхийн хашаанд хаягдал төмөр хайлшийг бөөнөөр нь овоолсон байдаг байна.
Одоогоос хэдхэн сарын өмнө цагдаагийнхан мөн Бичигтийн боомтын гаалийн байцаагчтай холбоотой авлига, хээл хахуулийн хэргийг илрүүлэн шалгаж байсан билээ. Тухайлбал, Бичигтийн боомтын даргаар ажиллаж байсан Б.Даваажав Гаалийн ерөнхий газрын даргынхаа хамт албан тушаал, авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон, энэ хэрэгтэ шүүхээс 7-8 жилийн ял сонссон. Өнгөрсөн 3-р сард Дамдинпүрэв гэгч хилээр их хэмжээний төмрийн хайлш гаргуулах гэж гаалийн байцаагч Батболдод арван сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт түүнийг сэжигтнээр татаж шалгаж байв.
Энэ байдалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэсийнхэн Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтод очиж ажиллан, хариуцлага алдсан хэд хэдэн албан тушаалтан арга хэмжээ авч, сануулга өгөөд ирснээ хэлж байлаа. Гэвч өдгөө байдал ер нь дээрдсэнгүй, харин ч улам дорджээ. Бичигтийн боомтын орчимд машин машинаар хөнгөн цагааны хаягдал ачсан машины эзэд гаалийнхантай найзархсан, сүлбэлдэх болж бүхэл бүтэн сүлжээ бий болсныг ч цагдаагийнхан хүлээн зөвшөөрч байна.
ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстсийнхний хийсэн шалгалтаар Бичигтийн боомтын гаалийн байцаагчид бусдаас их хэмжээний авлига авсныг тогтоож, хэрэгтнүүдийг үйлдэл дээр нь баривчилсан байна. Хаягдал төмрийн бизнес эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Ирина нь 80 , 100-тн-ын гурван машин хайлш, хөнгөн цагааныг Хятад руу гаргахын тулд Бичигтийн боомтын гаалийн ахлах байцаагч Д.Дүгэрсүрэнд 30 мянган юань буюу таван сая гаруй төгрөгийн хахууль өгөхөөр тохиролцсон байжээ. Тэд тэдний өдөр , тэрний ээлжин дээр гаргана хэмээн бүгдийг урьдаас үгсэн тохирч, авлигын мөнгөө өгч авалцаж байхад нь цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна. Бичигтийн боомтын гаалийн ахлах байцаагч Д.Дүгэрсүрэнд, хаягдал төмрийн бизнес эрхлэгчдийн холбооны дэд тэргүүн Ирина нарыг сэжигтэнээр татан, авлига өгсөн, авсан хэрэгт ял төлөвлөөд байгаа аж.
Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтын гаалийн байцаагчидтай холбоотой авлига, хээл хахуулийн хэрэг үүгээр төгсгөл болохгүй нь бололтой. Учир нь , дээрх баримтаас гадна өөр олон ч жишээг дурдаж болох аж. Бичигтийн боомтын орчим амьдардаг иргэд гаалийн байцаагчдын тэр тэдээр “явдаг” хэмээн хоорондоо хошигнодог болсон нь үүнийг гэрчилнэ. Зарим нэгэн сүйхээтэй нь зуучлах үүрэг гүйцэтгэн дундаас нь хөөрхөн мөнгө цохичихдог, үүгээрээ амь зуудаг гэдгийг ч олон хүн нотолдог.
Эх сурвалж: Үндэсний шуудан