Array ( ) О.Гүндэгмаа: "Вальтер" фирм надаас уучлалт гуйгаагүй

О.Гүндэгмаа: "Вальтер" фирм надаас уучлалт гуйгаагүй
2008/10/25
Share |
Хүмүүс:
Компани:

Герман улсын "Валь­­­­тер" фирм Бээ­жингийн олимпийн мөн­гөн ме­дальт, Мон­гол Улсын хө­дөл­мө­рийн баатар, гавь­яат тамирчин О.Гүндэг­маагаас уучлалт гуй­сан тухай мэдээлэл манай со­нинд өмнө нь гарсан. Энэ талаар тодруулахаар О.Гүндэгмаатай уул­заж ярилцлаа.

-Бэлтгэлдээ ороод эхэл­­­чихсэн үү?
-Хараахан эхлээгүй бай­на. Одоохондоо бэлтгэл хийх боломж бага л байна. Гэхдээ ойрхон тэмцээн хүлээж бай­гааг мартах учиргүй.

-Ямар тэмцээн билээ?
-Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ирэх арваннэгдүгээр сарын нэг­нээс Тайланд улсад болно. 2008 онд үзүүлсэн амжил­таараа дэлхийд эхний аравт бичигдэж байгаа та­мир­чид урилгаар оролцдог юм.

-Германы "Вальтер" фирм танаас албан ёсоор уучлалт гуйлаа гэсэн мэ­дээлэл гарсан. Энэ тухай тайлбар өгөхгүй юү?
-Уучлалт гуйсныг нь би өөрөө ч мэдээгүй явна. Хү­мүүс утасдаад асуугаад байх юм. Тэмцээний дараа тухайн фирмийн хамт олон маш их харамсч, яав ийв гээд алмай­ран гайхацгааж байсан л даа. Саяхан би Герман руу буугаа өгч явуулаад засч авчруул­сан. Одоо тэр буугаараа бэлтгэлээ хийнэ.

-Цорын ганц загварын буу захиалан хийлгээд ирэх сарын гурванд Мон­голд авчирч томоохон арга хэмжээ зохион байгуулж сүр дуулиантай өөрт тань гардуулна гэсэн мэдээлэл га­раад байгаа. Энэ үнэн бо­лов уу. Танд энэ талаар мэдэгдсэн үү?
-Миний мэдэж байгаагаар "Вальтер" фирмийн ерөнхий­лөгч манай оронд ирнэ. Тэгэ­хээр би ирэхийг нь л мэдэж байна.

-Энэ фирмийн буугаар Бээжингийн олимпод хоёр­хон тамирчин буудсан нь Германы иргэн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр та хоёр байсан гэдэг?
-Дэлхий дээр олон бууны фирм байдаг. "Вальтер" фир­мийг манай уншигчид сайн мэдэж байгаа болов уу. Олон жилийн түүхтэй. Уг фирмийн брэнд болсон буугаар өмнө нь олимпийн аварга болон тив, дэлхийн аваргууд буудаж байсан. Үндсэндээ энэ фир­мийн буунууд тив, дэл­хий, олимпийн олон авар­гуудыг төрүүлсэн гэсэн үг. Бээ­жин­гийн олимпод Д.Мөнх­баяр эгч бид хоёулахнаа "Вальтер"-ийн буугаар бууд­сан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ өөр бусад улс орны тамирчид энэ фирмийн буугаар буудаж байгаа нь харагдаагүй шүү.

-Таны буу сүүлийн үеийн загварынх уу?
-2005 оны шинэ загвар. Хэдий загвар гарсан ч гэсэн худалдаанд гаргаагүй, дэлхий нийтэд "гэрэл цохиулаагүй" байхдаа надад санал тавьсан юм. Өмнө нь Д.Мөнхбаяр эгч энэ фирмийн буугаар бууддаг байсныг би сайн мэднэ л дээ.

-Санал тавихдаа ямар нэгэн зүйл амласан уу?
-"Буугаа ямар л болгоно гэнэ тэр бүгдийг чинь дээд зэргээр стандарт үзүүлэлтийг нь эв­дэхгүйгээр хангаж өгч болно" гэсний нь дагуу би долоо хоногийн хугацаанд үйлдвэр дээр нь очиж дэргэд нь байж байгаад янзлуулж авсан. Тэ­гээд жил гаруй хуга­цаанд энэ буугаар буудаж байгаа.

-Яг олимпийн алтан ме­далийн төлөөх торгон аг­шинд буугаа гацсаныг та хувьдаа юу гэж ойлгож байгаа вэ?
-Техникийн саатал гэж байдаг шүү дээ. Тэр нь л болсон гэж боддог. Машин ч ялгаагүй зүв зүгээр явж байс­наа яасан нь мэдэгдэхгүй гэнэт унтарчихдаг биз дээ.

-"Миний шавь нар бо­лох Д.Мөнхбаяр, О.Гүндэг­маа нар хэзээ нэг өдөр медалийн тавцан дээр зэ­рэг­цэж зогсоод багшийгаа баярлуулна гэж олон жи­лийн өмнө хэлж байсан нь санагдаад тэднийгээ ме­далиа зүүх агшинд би өөрийн эрхгүй уйлж бай­лаа" гэж гавьяат дас­галжуулагч Л.Ундралбат хэлж байсан санагдана?
-Намайг буудлагын спорт­той амь амьдралаа холбоход Д.Мөнхбаяр эгчийн нөлөө асар их байсан. Түүнийг 1992 оны Барселоны олимпоос хүрэл медаль авсан бич­лэгийг аав маань надад бүрэн эхээр нь үзүүлж байв. Өөрийн эрхгүй бахархал төрөөд сай­хан санагдаж байлаа. Аав минь намайг буудлагын спор­тын хүн болгох гэж тус өрх гэрийн хаалгыг анх татуулж байлаа. 1995 оны Азийн авар­гад миний бие багийн гурав дахь гишүүний өндөр хариуц­лага хүлээж оролцсон. Энэ бол анхны минь оролцож байгаа том тэмцээн байсан. Бид багаараа хоёрдугаар байрт шалгарч, би үзүүлсэн амжилтаараа олон улсын хэмжээний мастерын зэрэг хангаад ихэд баярлаж байлаа. Д.Мөнхбаяр эгч тэр наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн.

"Ямар гоё юм бэ. Хэзээ нэг би ингээд медаль аваад зогсч байх бол" гэсэн бодол надад төрж байлаа. Дараа нь удалгүй өрсөлдөгчид болж эхэлсэн дээ.

Мөөгий эгчийг медаль авсан үед би аваагүй байх ч юм уу, хэрвээ намайг ме­дальгүй хоцрох үед Мөөгий эгч авсан байх юм уу. Ямар ч байсан хэн хэн нь олон улсын тэмцээнд нэг нэгнээ нөхдөг байсан. Тийм үедээ л "Хоёу­лаа нэг удаа медалийн тавцан дээр зэрэгцээд зогсч байх юм сан. Тэгвэл ямар гоё вэ" гэж хэлж ярьдаг байсан. Хэрвээ зогсч байх юм бол Монгол Улсын нэр хүнд тив, дэлхийд мандаад зогсохгүй, олон жи­лийнхээ хүч хөдөлмөрийг зарцуулж, нойр хоолоо умар­тан зүтгэж яваа багш нар маань ямар их баярлах бол гэж бодно.

-Ингэж ярилцдаг байж. Гэхдээ тив, дэлхий бус бүр олимпийн наадмын тавцан дээр зэрэгцээд зогсоно чинээ бодсон болов уу?
-Яг олимп гэж бодох үнэн­дээ хэцүү шүү дээ. Азийн тог­лолт, тив, дэлхийн наадмуу­даас шалгарсан тамирчид оролцдог болохоор санаанд тэр бүр буухгүй. Бээжингийн олимпод үндсэн 60 сумаа буудаад бид хоёр финальд нэг хоёроор гарч ирэхэд на­дад алт юм уу, мөнгөн медаль дээр буух нь ч буух юм байна гэсэн итгэл төрсөн. Сэтгэл санаа тайван, бэлтгэл ч сайн байв. Д.Мөнхбаяр эгчийг ме­дальд баттай хүрнэ гэдгийг ч мэдэрч байлаа. Тэгээд мөн­гөн медаль хүртэхдээ мэдээж харамсч байсан. Гэхдээ Д.Мөнх­баяр эгчтэйгээ зэрэг­цээд зогсч байгаадаа туйлаас баярлаж байлаа.

-Д.Мөнхбаяр гавьяатыг гадаадын иргэн болоход та яаж хүлээж авсан бэ?
-Хувь хүний өөрийнх нь гаргасан шийдвэрийг хүн­дэтгэсэн. Гэхдээ дотроо маш их харамсч байлаа. Түүний үлдээсэн орон зайг одоо хэн нөхөх болж байна гэж бодоод л. 2002 оны дэлхийн аваргад манайх багаараа нэгдүгээр байрт шалгарах бүрэн бо­ломж байсан. Даанч Д.Мөнх­баяр эгч Германы нэрийн өм­нөөс оролцсон. Мөн 2006 онд Хорватад бол­сон дэлхийн аваргад Д.Мөнх­баяр эгч, Ц.Мөнхзул бид гу­рав гур­вуулаа 4-6 дугаар байрт шал­гарсан юм. Хэрвээ нэг баг бай­сан бол бас л түрүүлэх хэм­жээнд очно. Зөвхөн эн­дээс л хара­хад Д.Мөнхбаяр гэдэг хэн ч нөхөшгүй орон зай гэдэг нь мэдрэгдэж байгаа юм.

-Цаашдаа Л.Ундралбат дасгалжуулагчтай хамт бэлт­гэлээ базаасаар байх уу?
-Бид хоёрын хооронд хийгд­сэн гэрээ байгаа л даа. Тиймээс гэрээнийхээ дагуу л ажиллана.

-Гэрээний хугацаа хэзээ дуусах вэ?
-Энэ оны сүүлээр дуусч байгаа. Гэхдээ бидэнд гэрээ нэг их сонин биш. Бэлтгэл сургуулилтаа урьдынхаараа үргэлжлүүлээд л явна даа

Эх сурвалж:Өдрийн сонин

Сэтгэгдэл
amjilt husie gundegmaadaa. chamaar baharhaj yavdag shuu. 12 onii olymp-s ALTAN MEDALI avaarai gej erooe.
2011-08-12 14:46:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.