Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Бүтэн жилийн турш улс төржиж сонгуулиар амьсгалсан улс төрчид албан тушаалын бялуугаа хуваах ажилдаа ороод удаж байна. Сонгуулиар олонх болсон МАХН засгийн эрхээ авах эрх зүйн бүрэн боломжтой байсан ч АН-тай худ ураг барилдан албан тушаал наймаалцах ажлаа амжилттай хийж чадсан. Түүнийх нь үр дүнд шинэ хуучин төрийн түшээд засгийн газрын сайдуудын суудалд аль хэдийнэ томилогдоод байгаа. Төр засгийн аппаратын бүтцийг цөөлж, зарим нэгэн яамдыг татан буулгаж, орон тооны хувьд харьцангуй цөөн болгоно гэж ам уралдан ярьж байсан МАХН, АН хоёр тэгэхээс тэгж дарга сайд нарынхаа суудлуудаа хос хосоор нь болгож санасандаа хүрсэн. Төрийн машиныг гацаан байж зөвшилцсөн намуудын тохиролцооноос бялуу хүртсэн сайд дарга нар төсвийн хэдэн төгрөгийг өмнөхөөсөө ч илүү үрэлгэн байдлаар зарцуулах нь одооноос л харагдаж байна. Түүний цаана үлдээд байгаа нэгэн томилгоо бол дэд сайдуудын суудалд хэнийгээ томилох гэдэг дээр хоёр том улс төрийн хүчнүүд төдийлөн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа ажээ. МАХН УИХ-д олонх суудалтай гэдгээрээ дэд сайдуудын 60-аас дээш хувийг авах сонирхолтой байгаа ч АН хамтран ажиллах гэрээнийхээ дагуу суудлынхаа хэмжээг тэнцүү хэмжээтэй хуваана гэсэн хатуу байр суурин дээрээ бат зогсохоор шийджээ. Харин засгийн газрын тэргүүн АН-аас томилогдсон тэргүүн шадар сайдтай тохиролцоо хийж, 60:40 хувиар тохирсон ч АН-ын УИХ дахь гишүүд эсэргүүцжээ. АН-ын УИХ дахь гишүүд ч мөн дотроо хоёр хуваагдаж, “Алтан гадас”-ынхан МАХН-тай ураг барилдсан болохоос АН хамтран ажиллах санал тавиагүй гэх яриаг гаргах болжээ. Тиймээс АН-ын дарга Н.Алтанхуяг ерөнхий сайд С.Баяртай уулзаж, хурдан хугацаанд дэд сайдуудын тохиролцоогоо хийж авахгүй бол АН-ын зарим гишүүд бойкот хийж чуулгандаа суухгүй тухай сануулаад авчээ. МАХН дотор ч мөн л дэд сайдуудын томилгоон дээр намынхаа бүлэг дээр нэлээн халуухан асуудлуудыг сөхөж магадгүй гэсэн таамгууд байна. Бас нэгэн том асуудал нь 25-р тойргийн асуудлыг шийдэхээс нааш гишүүд чуулганд суухгүй гэсэн байр сууриа ч давхар илэрхийлжээ. Тэгэхээр албан тушаал, эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцдаггүй төрийн түшээд маань дэд сайдуудын томилгоог хийж дуустал төр засгийн ажилдаа төдийлөн орж эхлэхгүй бололтой.
эх сурвалж: Хүмүүс