Array ( )
| Хүмүүс: |
| Компани: |

Тэрбээр дурлалын талаар баримталдаг өөрийн гэсэн үзэл бодолтой байв. “Нүдэнд үзэгдэхүйц согогтой эмэгтэй хүн надад таалагддаг байлаа. Бүр кинонд тоглохоос минь өмнө Холливудын энэ үзэсгэлэнт хүүхнүүд миний дургүйг хүргэдэг байж билээ” гэж Марлон Брандо бичжээ.
Тэрбээр “Баашлагч” кинонд тоглосон Арлетти гэдэг жүжигчин хүүхэнд дурлажээ. “Тэр миний цорын ганц дурлал байсан юм” гэж Марлон Брандо дурссан байдаг. Марлон францын кино жүжигчин Арлеттитай танилцахын тулд Парис хүртэл явсан гэдэг. “Арлетти ямар сайхан хүүхэн байсан гээч. Яг л өнгөлсөн чулуу шиг гялалзсан өөгүй нэгэн байлаа. Гэхдээ түүний ааш гэж адсага.
Зандан модоор хийсэн үнсний савыг үйлчлэгч бүсгүй рүү чулуудаж байсныг нь хэзээ ч мартахгүй” гэж Марлон Брандо ярьж байсан гэдэг. Тэрбээр “Хүслийн трамбай” кинонд тоглосныхоо дараа театрын тайзанд дахин гарахгүй гэж шийджээ. Түүнд Нью-Йоркт амьдрах нь таалагддаг байлаа . Марлон Брандо энэ үед жүжигчдийн студиэр үе үе орж, жүжигчин хүүхнүүд рүү харц чулууддаг байсан гэдэг. Ингэж явахдаа Нью –Йоркт болсон нэгэн үдэшлэгийн үеэр домогт Мэрилин Монротой танилцжээ.
Гартаа шилэн аягатай ундаа барьж явсан Марлон Брандо санамсаргүй тохойгоороо Мэрилин Монрогийн толгойг шүргэчихжээ. “Намайг уучлаарай. Би санаандгүй таныг цохичихлоо” гэж Марлон Брандо амандаа бувтнав. Танхимын буланд тавьсан төгөлдөр хуураар тоглож байсан Мэрилин “Та зөвхөн ингэж л хэлж байгаа юм уу” хэмээн хариулсан байна.
Марлон Брандо хүүхний наргиан болгон хэлж байгааг ойлгон чин сэтгэлээсээ инээж, “Алив, би танд төгөлдөр хуураар хэрхэн тоглохоо харуулаад өгье. Та хөгжимдөхдөө тааруухан бололтой” гэв. Тэд бүхэл оройжингоо дэмий “чалчжээ”. Үүнээс хойш тэд утсаар ярьдаг болов. Марлон Брандо нэг удаа бүр шөнө болсон хойно Мэрилин Монро руу утасдаад, “Би яг одоо чамайг хармаар байна. Чи намайг хармааргүй байгаа бол үүнийгээ шууд хэлчих” гэжээ.
Мэрилин түүнд юу ч хариулсангүй. Марлон Брандо ч тэднийд очсон гэдэг. Мэрилин Монро амьдралд нухлуулсан хэдий ч нарийн мэдрэмжтэй, хүмүүсийг сайн ойлгодог нэгэн байв. Тэд Мэрилин Монрог нас бартал нь дотно сайхан харилцаатай байжээ. Мэрилин байнга Марлон Брандо руу утасдана. Өөрт нь тохиолдсон сайн муу бүхэл явдлыг түүнд ярина.
Тэр ч байтугай нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Марлон Брандо руу утасдаад оройн хоол хамтдаа идэхийг хүсчээ. “Би тэр үед ажилтай байсан тул дараагийн долоо хоногт уулзая гэлээ. Хэрэв тэгэхэд Мэрилин Роберт Кеннедитэй холбоотой байсан бол юу гэж намайг нэг оройг цугтаа өнгөрүүлье гэж дуудах вэ дээ. Ер нь би Мэрилин Монрог амиа хорлосон гэдэгт итгэдэггүй. Тэр амиа хорлох хэмжээнд хүртэл сэтгэл санаагаар унаагүй юмдаг. Мэрилин нойрны эм хэтрүүлэн уусан байж магадгүй. Гэхдээ түүнийг хэн нэгэн этгээд хөнөөсөн байж болзошгүй гэсэн таамаглалыг ортой гэж боддог” хэмээн Марлон Брандо бичжээ.
Холливудын студид нэгэн Энэтхэг бүсгүй иржээ. Гоо үзэсгэлэн төгс энэ халуухан бүсгүй киноны туслах дүрд хаа нэгтээ тоглохын зэрэгцээ олны хэсэгт үе үе гардаг байж. Марлон Брандо энэ бүсгүйтэй “Парамаунт” студийн цайны газар өдрийн хоолны үеэр анх танилцжээ. Анна хэмээх энэ бүсгүй Марлон Брандод Ганга мөрний эрэгт өнгөрүүлсэн бага насаа, амьдралынхаа жаргал зовлон, Энэтхэг орныхоо тухай ярьсан нь түүнийг бүр уяруулж орхив. Холливудын цагаан арьст янаг хүүхнүүдээс содон бор хүрэн царайтай энэ бүсгүйд Марлон Брандо дурлаж гэрлэхээр шийдсэн гэдэг.
Тэдний хурим даруухан болжээ. Хуриманд Аннагийн аав Кашфи иржээ. Эцгийнх нь ярианаас Анна хэзээ ч Энэтхэгт байгаагүй бөгөөд жирийн нэгэн Иран бүсгүй гэдгийг нь мэдэж авсан аж. Марлон Брандо сүйт бүсгүй нь худлаа ярьсныг мэдээд урам нь хугарчээ. Удалгүй тэдний хүү Кристиан нь хорвоод мэндлэлээ. Гэвч Марлон Брандо эхнэрээсээ салжээ. Ер нь Марлон Брандо янаг амрагийн элдэв адал явдалд орооцолдохдоо гарамгай нэгэн байв. Тэрбээр эмэгтэйчүүдтэй төдийгүй “цэнхэр”, “манин” гээд янз бүрийн хүнтэй учраад амжсан гэдэг.
“Амрагийн явдал гэдэг сонин эд. Хүн бүгдийг үзэх ёстой” гэж Марлон Брандо хэлжээ. Тэр дахиад гэрлэв. Энэ удаа Таити арлийн нэгэн бүсгүйтэй суужээ. Хамгийн сонирхолтой нь, Марлон Брандо амархан дурладаг, амархан гэрлэдэг, бас дорхноо салдаг нэгэн байв. Мөн суусан эхнэрүүд нь бүгд түүнд хүүхэд төрүүлж өгчээ. Түүнийг 65 –тай байхад нь гучин настай үйлчлэгч бүсгүй Кристина Руна нь нэгэн охин төрүүлжээ. Марлон Брандо энэ охиныг өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ингээд шинэ төрсөн охиноо өөрөөрөө овоглож, түүнд мөнгөн хадгаламж, байр сууц, эдлэн газар бэлэглэсэн байна. Дараа нь түүний амраг үйлчлэгч бүсгүй нь Марлон Брандод дөрвөн жилийн дотор гурван хүүхэд төрүүлж өгчээ.
Марлон Брандо хэмээх энэ алдарт жүжигчин амьдралынхаа сүүлчийн өдрүүдэд хүмүүсээс байнга зугатааж зожигорч байсан гэдэг. Бас санхүүгийн хувьд хүнд байдалд орж, 11 сая ам.долларын өр тавьжээ. Марлон Брандо өр нэхэгчдээс загалмайлсан эцэгт тоглоод авсан алтан “Оскар”-аа нууж байсан гэдэг. Харин тэр “Боомт” кинонд тоглоод хүртсэн Оскарын шагналаа гардаж аваагүй гэж ярьдаг. Учир нь тэр америкийн уугуул оршин суугчид индианчүүдийг үй олноор нь устгасаныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж энэ шагналыг гардаж авахаас татгалзсан ч гэсэн яриа бий.
Юутай ч Америкийн кино урлагийн содон авьяастны нэг Марлон Брандо Оскарын шагналыг хоёр удаа хүртэж,олон арван кинонд тоглож, хэмжээлшгүй их мөнгө авсан хэдий ч түүний олон эхнэрийн зургаан хүүхэд нь багаахан хөрөнгөтэй үлдсэн аж. “Марлон Брандо дэлхийн кино урлагийн бэлгэ тэмдэг юм. Түүнийг бүгд хүндэлж, бас түүнээс айдаг. Учир нь Марлон Брандогийн тухай хүн итгэхэд бэрх элдэв зүйл бичдэг” гэж Холливудынхан үздэг ажээ.
Эх сурвалж: Ням гариг