Array ( ) СЕХ-ны дарга Б.Баттулга: Түр үнэмлэх хэний гарын үсэгтэйг мэдэхгүй

СЕХ-ны дарга Б.Баттулга: Түр үнэмлэх хэний гарын үсэгтэйг мэдэхгүй
2008/09/25
Share |
Хүмүүс:
Компани:

УИХ-ын Төрийн бай­гуу­лалтын байнгын хороо өчиг­дөр үдээс хойш хуралдав. Ху­ралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин "Байнгын хорооны хурал­даанд СЕХ-ны дарга Б.Бат­тулга, ерөнхий нарийн бич­гийн дарга Б.Баярсайхан, гишүүн П.Бямбацэрэн, М.Мэнд­­­билэг, Х.Пүрэвсүрэн, Б.Алтанжаргал нар оролцож байна" гэхэд Су.Батболд гишүүн "Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар 25 дугаар тойргийн маргааны талаар ямар нэг шийдэл гар­гах нь хууль зөрчсөн үйлдэл шүү. СЕХ бол байнгын хороонд ажлаа тайлагнадаг бай­гуул­лага биш" гэлээ. Ө.Энх­түв­шин "УИХ-ын 25 дугаар тойр­гийн дүнг аль болох түргэн өргөн барих үүднээс байнгын хо­роон дээр ярьж, мэдээлэл сонсоно. Эндээс ямар нэг шийд гарахгүй" гээд СЕХ-ны дарга Б.Баттулгыг мэдээлэл өгөхийг хүсэв.

Б.Баттулга: -Олон удаа ярьж байна. АН-ын бүлгийн саналын дагуу байнгын хо­роон дээр мэдээлэл хийж байна гэж ойлгож байна. 25 дугаар тойргийн дүнг өргөн барихгүй байгаагийн шалт­гааныг хүн бүр мэддэг болсон. Тодорхой хэсгийн хороодын саналын хуудаст маргаан гарсныг шалгаж байгаа. Бид хурал бүрээр энэ асуудлыг хэлэлцэж байна. СЕХ-ны гишүүд хуулийн дагуу шийдэгдсэний дараа дүнг өргөн барина гэсэн байр суурьтай байгаа. Прокуро­роос ирүүлсэн хариу нь шууд өргөн барихад нөлөөлөх хариу биш байгаа юм л даа. Баталгаатай, эцсийн хариу иртэл дүнг өргөн барьж бо­лох­гүй байна гэв.

СЕХ-ны даргын мэдээл­лийг сонссоны дараа гишүүд түүнээс асуулт тавьж, хариулт авлаа.
Р.Гончигдорж: -СЕХ-ны даргыг прокуророос ирсэн бичгийг бүрэн эхээр нь ун­шиж танилцуулахыг хүсч байна. Хууль биелүүлж буй аливаа байгууллагад УИХ нэвтрэн орох эрхтэй. Түүнээс бус СЕХ-ны дотоод ажил руу орохгүй. Хуулиа биелүүлж, түр үнэмлэх ав­сан гишүүдийг оруулж ирээч ээ.

Б.Баттулга: -Цагдаагийн байгууллагаас "УИХ-ын 2008 оны сонгуулийн 25, долдугаар дугаар тойргийн зарим хэс­гийн хороодын гишүүнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул УИХ-ын дүнг өргөх бичиг барих эсэхтэй холбож үзэх ямар ч үндэслэлгүй бөгөөд тийм ч учраас та долдугаар тойргийн асуудлыг бидэнтэй холболгүйгээр өргөн барьсан гэж ойлгож байна. Таны албан бичигт дурдсан "сонгуулийн тойргийн болон хэсгийн хо­роодын тогтоол хүчин төгөл­дөр эсэх талаар албан ёсны дүгнэлт өгөх, мөрдөж байгаа хэргийн явц, үр дүн, чиг ханд­лагын талаар тодорхой мэ­дээ­лэл өгөх" гэсэн асуудлууд нь манай бүрэн эрх, үүрэгт хамааралгүй бөгөөд Улсын ерөнхий прокурорын газар нь аль нэг хуулиар СЕХ-ны өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй болохыг танд уламжилъя" гэсэн бичиг ирсэн.

Ч.Сайханбилэг: -Гүй­цээ­гээд уншаач дээ.

Б.Баттулга: -Энэ их со­нин байна уу?
СЕХ-ны даргын эл асуул­тад зарим гишүүн эгдүүцэж "Биднийг төдийгүй, бүх сон­гогчдыг доромжилж буй хэ­рэг" хэмээж байлаа. Энэ үеэр Р.Гончигдорж гишүүн "УИХ-ын дарга аа, байнгын хорооны дарга аа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог олгож өгөөч. Энэ сонин байна уу гэж байгаа нь юу гэсэн үг вэ" гэлээ.

СЕХ-ны дарга Б.Баттулга "УИХ-ын долдугаар тойргийн зарим хэсгийн хорооны бичиг баримтад үзлэг хийх асууд­лаар та СЕХ-ноос хоёр хүн оролцуулна, оролцуулахгүй гэсэн шийдвэрүүдийг удаа дараа гарган мөрдөн бай­цаал­тын ажиллагааг олон хоногоор саатуулж байгаагаа залруулж өгөхийг хүсье" гэж прокурорын бичгийг уншиж дууссаны дараа асуулт хариулт үргэлжлэв.

Д.Очирбат: -Мөрдөн бай­цаагч, прокурорын дүгнэлтийг сонсмоор байна.
Б.Баттулга: -УИХ-ын ги­шүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Жекей явц байдлын талаар цагдаагийн байгууллагаас албан ёсоор хариу авсан. Уг хариуд "УИХ-ын 25 дугаар тойргийн 2, 5, 9 дүгээр хэсгийн сон­гуулийн дүнг буруу гаргасан­тай хол­богдуулан мөрдөн байцаах тасаг шалгаж байгаа. Зарим нэр дэвшигчийн авсан сана­лын тоог тойргийн хороо руу явуулахдаа засварласан нь тогтоогдож байна" гэсэн байгаа.

Ч.Сайханбилэг: -Бат­тулга дарга "Та дуугүй бай, би хариулъя" гэж Л.Гүндалай, С.Оюун нарыг доромжилж байсан. Ингэж ярьж байгаа хүнийг нам гэлгүйгээр гишүүд байранд нь тавьж өгөөч ээ. Нэр дэвшигчид шүүхэд хан­дана, шүүхийн шат дамжлага хоёр жил болдог. Ингэвэл яах вэ. Цагдаа, прокуророос та­ны хүсээд байгаа хариуг өгөхгүй бол яах вэ. Буруу жишиг тогтоох гээд байна?

Б.Баттулга: -Сонгуулийн дүнг зассан нь тогтоогдсон. Дүнг зассан учир өргөн барьж болохгүй байна. Хоёр жил болох эсэхийг СЕХ мэдэхгүй.

Су.Батболд: -Төрийн бай­гууллагыг удирдан явж бай­гаа хүнийг бөөнөөрөө загнаж, доромжлохоо болиочээ. Хэс­гийн хорооны дүнг засвар­лас­наас өргөн барьж болохгүй юм байна гэж ойлгож болох уу. Энэ асуудал гурван сар болж байна. Сүүлдээ манай намыг булхай хийсэн гэж байх шиг. УИХ-ын дарга тог­тоол гаргаж дахин тоолоод өгөөч.

Б.Баттулга: -СЕХ про­ку­рорт явуулсан бичигтээ за­рим хэсгийн хороодын сана­лыг хуудсыг дахин тоолох үзлэгээр сонгуулийн дүнг өөрчлөх эсэхэд нөлөөлөх талаар асуусан. Хариу бичигт энэ тухай огт дурдаагүй. 2, 5, есдүгээр хэсгийн хорооны саналын хуудсыг дахин тоол­сон. Дүн гарсан гэж ойлгож байгаа. Тоолсон дүн нь сон­гуулийн дүнд нөлөөлөхөөр байна гэж ойлгож байгаа.

Д.Лүндээжанцан: -Мар­гаан­гүй байгаа гурван ги­шүү­ний нэрийг өргөн барьж бол­доггүй юм уу. Баянгол дүүр­гийн сонгогч­дын эрх ашиг хохирч бай­на шүү дээ?

Б.Баттулга: -Тойргийн хороо нэг тогтоол гаргасан. Хэн нь урдаа, хэн нь хойноо орохыг мэдэхгүй учир түвэг­тэй байна.

З.Алтай: -Эзэн холбог­догчгүй хүн амины хэргийг илрүүлэх гэж байгаа биш дээ. Б.Баттулга даргад асуудлыг шийдэх ямар ч сонирхол алга нь харагдаж байна. Ги­шүү­дийн нэрийг хуулийн дагуу өргөн барих учиртай. Дараа нь шүүх, прокурор шийдвэрээ гаргана биз. Завхруулагч, будлиантуулагчид СЕХ-нд ажиллаж байна. Хариуцлага тооцох хэрэгтэй. Дараа да­раа­гийнх нь хүмүүст сур­гамж­­тай. Бялуу хуваах ажил дуус­сан, наад дөрвөн нөхрийн нэрийг оруулаад ирээч.

Э.Бат-Үүл: -Б.Баттулгаас асуух нь өөрийгөө дором­жилсон хэрэг. Б.Баяр­сай­ханаас асууя. Б.Баттулга ямар хэрэг хийснээ ойлгох­гүй байгаа. Ирэх жил Ерөн­хийлөгчийн сонгууль бол­но. Ялсныг нь тангараг өргөхөөс өмнө өрсөлдөгч нь шүүх, прокурорт ханд­жээ гэж бодъё. Хоёр жил хүлээлгэх нь. Ийм буруу жишиг тогтоож байна. Мар­гаан гарвал тойр­гийн хо­роо 14 хоногт багтааж асууд­лаа шийдэх учиртай. Сонгууль гэдэг улам ноц­той, улс төрийн асуудал болж байна. Ийм болол­цоог нээлээ. Яах вэ?

Б.Баярсайхан: -14 хоногт нэгдсэн дүнг айлтгана гэсэн хуулийн заалт бий. Харам­салтай нь бид биелүүлсэнгүй.

Э.Бат-Үүл: -Харамсалтай нь гээд хэрэг цайрахгүй. Энэ бол цэвэр улс төрийн со­нир­хол. Үүнээс бий болсон жишиг Ерөнхийлөгчийн сон­гуульд үйлчилнэ шүү. Ерөн­хий­лөг­чийг 90 хоног сонгохгүй бол яах вэ. СЕХ-ны хариуц­ла­гагүй байдлаас болж улс төрийн эргэлт болно шүү.

Ж.Батсуурь: -Хуулийн дагуу өргөн барихгүй жишиг тогтлоо гэж яриад байна. Тэгвэл сонгуулийн дүнг га­раар засч, түргэн хөлтэй нь түрүүлж өргөн барьдаг жишиг тогтвол яах юм бэ. 14 хоногт шийднэ гэдэг утгагүй заалт.

Б.Баттулга: -Зассан нь сонгуулийн дүнд нөлөөлөхөөр байна уу, үгүй юу гэдгийг хэлж мэдэхгүй байна. Сонгогдсон хүмүүсийн байр солигдохыг мэдэхгүй.

Г.Баярсайхан: -Дол­ду­гаар сарын 1-нд юу болсныг бүгд мэднэ. Иргэд бухимд­лаа илэрхийлсэн. Манай улс улс төрийн хоригдол­той болсон. Сонгуулийн дүнг өргөн барих­гүй бай­гаа­гийн учир юу вэ?

Б.Баярсайхан: -Нэгэнт тангаргаа өргөвөл нөхцөл байдал цаашаа явдаг. Ийм нөхцөл байдлаас болж өргөн баригдахгүй байгаа. 25 дугаар тойргийн үйл ажиллагааг эцэслээгүй байгаа.

Х.Жекей: -Тойргийн хо­рооны дүнг засварласныг нь тогтоосон тухай шин­жээ­чийн дүгнэлт ирсэн. Цагдаа хэдийд хэрэг үүс­гэ­н шалгасан бэ. Түр үнэм­лэх дээр хэн хэн гарын үсэг зурсан бэ?

Б.Баттулга: -2008 оны долдугаар сарын 8-нд СЕХ цагдаагийн байгууллагад ханд­сан. 14 хоног дотроо эрүүгийн хэрэг үүссэн. 25 дугаар тойргийн хорооны протоколыг үзэхээр 11 ги­шүүнтэй хурлаа эхэлж, зарим хэсгээс ирсэн дүн учир дутаг­далтай байна гээд хурлаа завсарлая гээд дарга нь гарахад дагаад гурван хүн гарсан байдаг. Гэтэл үлдсэн долоон гишүүн нь хурал хийж, зөвхөн нарийн бичгийн дар­гын гарын үсэгтэй тогтоол үйлдсэн байна лээ. Тэр тог­тоол дээр тойргийн дарга нь нэмж гарын үсэг зурсан, зураагүйг мэдэхгүй. Түр үнэм­лэх хэний гарын үсэг­тэйг мэдэхгүй.

З.Энхболд: -Б.Бат­тул­гаас асуухгүй. Бусад ги­шүү­дээс асууя. Ямар хуулийн ямар заалтад хэрэг үүсгэсэн бол өргөн барихгүй гэсэн байдаг вэ?

Б.Баярсайхан: -Нэгдсэн дүнг 15 хоногийн дотор Ерөн­хийлөгчид айлтгана гэсэн заалт бий. Өөр байхгүй.

СЕХ-ны гишүүн М.Мэнд­билэг, Б.Алтанжаргал, П.Бям­ба­цэрэн нар адил хариулт хэлсэн юм. Х.Пүрэвсүрэн өргөн барья гэсэн байр суурь­тай байснаа хэлэхэд М.Мэнд­билэг "СЕХ хяналтын тоол­лого хийх, эсвэл гурвыг нь өргөн барья гэхээр хуулийн заалт байдаггүй" гэж байв.

З.Энхболд: -Тойргийн хорооны дарга Даваасүрэн намаас нь ганцхан хүн гарсан учир хурлыг орхин гарсан. Ийм СЕХ-г цаашид ажиллуу­лах нь хортой байна. Н.Баярт­сайхан гэдэг хүнийг оруулахын төлөө ажиллаж байна гэж ойлгогдож байна. Өөр хүмүүсийг томилж, тус тойргийн асуулыг оруулж ирэхгүй бол энэ бүтэхгүй. Хууль мэддэг, хууль дээдэл­дэг хүмүүсээр СЕХ-г бүр­дүүлэх учиртай.

Г.Занданшатар: -СЕХ-г дуудаж нөлөөлөх, шалган байцаах хууль, эрх зүй УИХ-д бий юу. Гараар засвар­ласныг цагдаагийн байгуул­лага тогтоосон байна. Тойр­гийн хороод хууль журам зөрчиж олонхиороо асуудлыг шийдэх учиргүй. СЕХ нөлөөнд автахгүйгээр ажлаа хийх ёстой.

Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин асуулт хариул­тыг дуусгаж байгааг мэдэг­дээд саналаа хэлэхийг гишүү­дээс хүсэв.

Ж.Батсуурь: -Гараар би­чиг баримт засаад 14 хоногт өргөн барьж болохгүй. Ийм шударга СЕХ-той байхад са­наа зовохгүй юм байна. Үзэг­ний хурц үзүүрээр зассаныг илчлэх шударга шийдвэр гарах нь тодорхой юм байна.

Д.Загджав: -Хуульд байх­гүй зүйлээс болж СЕХ төрийн ажлыг саатуулаад байгаа. СЕХ байхгүй эрх эдэлж байна. Ямар хуулийн заалтаар сон­гуулийн дүнг өргөн барихгүй гэж байгаа юм. Нам гэж яриад байх юм. Нам, улс төр байгаа юм уу, нийлчихсэн байж. Хүнийг зуудаг нөхөр байж байгаад гомдол гаргаад эрүү­гийн хэрэг үүсгээд байвал яах юм.

Ц.Элбэгдорж: -Монголын хууль, улс төрийн сонгуулийн энэ жишээг бусад орнууд судлах байх. Энэ бол шивш­гийн жишээ болж байгаа юм. Энэ хүмүүст төрийн нэрийн өмнөөс үүрэг өгч болохгүй юм байна. Баян­гол дүүргийн иргэд энэ тө­рийг миний төр биш, улсын төсвийг бас биш гэж хэлж чадна. Адилхан нөхцөл бай­далтай Дорнодоос сонгог­догчдыг өргөн барьсан. Сон­гуулийн үеэр хөгийн юм зөн­дөө гарсан. Ингэж асууд­лыг мухардмал байдалд оруулж болохгүй. Хуулиа хэрэгжүү­лээд, биелүүлээд ороод ирэх хэрэгтэй. Шийдье гэвэл та нар юу ч жонхуу­руу­лаад оруулаад ирдэг ш дээ. Долоон гишүүний, олонхийн шийдвэр гарсан л бол тойр­гийн хо­рооны дарга гарын үсэг зурах учиртай. Дээд шүүх үүнийг тайлбарласан. Ийм байхаар төрийн нэр хүнд унаж байна. Хариуцлагагүй нөхдийн өмнө ингээд суугаад баймааргүй байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, А.Тлейхан, Д.Лүн­дээ­жан­цан нар маргаангүй бай­гаа гурван хүний нэрийг өр­гөн барихыг санал болгож байсан юм. Г.Занданшатар, Х.Жекей нар "УИХ-ын сон­гуулийн ту­хай хуулийг бо­ловс­ронгуй болгох шаард­лагатай нь эн­дээс харагдаж байна" гэж байв. Харин Ж.Сүх­баатар "СЕХ нь Үндсэн хуулийн Цэ­цийн дараа орох байгууллага. УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага биш. СЕХ-ны бие даасан байдлыг баталгаа­жуулахын тулд Сонгуулийн төв байгууллагын тухай хуу­лийг баталсан" хэмээлээ.

Байнгын хорооны хурлын төгсгөлд УИХ-ын дарга Д.Дэм­­бэрэл "Олон асуудал 25 дугаар тойргийн асуудалтай холбоотой байгаа учир СЕХ-г дуудан мэдээлэл сонсч, бай­далтай танилц гэсэн. УИХ-ын анхдугаар чуулган дуусах хугацаа хаяанд ирлээ. Нам­рын чуулган аравдугаар са­рын 1-нд эхэлнэ. УИХ бүхэл бүтэн тав хоног та бүхнийг хүлээж байна. Та нарт үүрэг даалгавар өгөх гээд байгаа юм биш. Хурал­даад шийдвэр гаргах хэрэгтэй байна. Хурал­дахыг заалаа гэж битгий ойлгоорой. Маргааш үдээс өмнө хариу мэдэг­дээрэй. Үдээс хойш нэгдсэн чуулган хуралдуулж, хэлэл­цэх асууд­лаа дуусгамаар байна. Хууль зөрчигдсөнөөс болж дахиад өөр хууль зөр­чигдөж байна. Байдалд дүг­нэлт хийгээд да­хин зөвлөл­дөж хуралдаанаа хийчих л дээ. Сонгогчдын эрх ашгийг хүндлэ л дээ. Үүнийг үүрэг гэж битгий бодоорой. Төрийн үйл ажиллагаа шаар­даж байна. Хүсэлт гэж ойл­гоо­рой" гэс­нээр байнгын хо­роо­ны хурал өндөрлөлөө.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.