| Хүмүүс: Баяр Санж | |
| Компани: |
.jpg)
Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хоёр намын бүлэг хуралдаанаараа хэлэлцэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд С.Баяр бүлгийн хуралдаанд нь сууж, гишүүдийн асуултанд хариулсан. Хуралдааны дараа Ерөнхий сайдаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зэсийн үнэ цаашид энэ оных шиг өсөхгүй нь тодорхой болж байна. Засгийн газар 1.5 саяыг иргэдэд хүртээхийн тулд орлого бүрдүүлэхэд ямар замаар анхаарах вэ?
-1.5 сая бол бидний сонгуулийн амлалт. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд гол стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал. Зэсийн хувьд байдал хүнд болж, цаашдаа 8000-д хүрэхгүй боллоо. Энэ нь бидний төлөвлөсөн ажил, ялангуяа нийгмийн халамжийн хэмжээнд шууд нөлөөлнө. Ер нь Оюу толгойд хөрөнгө оруулах сонирхолтой компаниудын бодол хэвээр байна уу, үгүй юу гэдгийг харгалзаж үзэх ёстой. Санал бодол нь хэвээр байлаа гэхэд бэл бэнчин хэр юм гэх асуудал үүснэ. Өнгөрсөн есдүгээр сард тэд надтай уулзсан. Гол нь цаг их алдаж байгааг хэлж байсан. 2007 онд Оюу толгойн ордыг ашиглах үйлдвэрээ барьсан бол 2.3 тэрбум ам.доллар хэрэгтэй байсан бол 2008 оны есдүгээр сард 4.2 тэрбум болж байна гэдгийг анхааруулсан. Харин Таван толгойн нүүрсний орд газар дээр хөрөнгө оруулах сонирхолтой улс орнууд олон байна. АНУ, БНСУ гэх мэт санал тавьсан. Тийм учраас ашигг маптмалын хуулийг батлаж, хуулиндаа томоохон өөрчлөлт оруулаад эгнэгт батлаад өгөх зорилт тавьж байгаа. Гэхдээ үүнд бэлэн үү гэдгийг бодолцох чухал. Магадгүй тодорхой орд газруудыг хамтран эзэмших, хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцээд, тодорхой гэрээгээ УИХ-аар батлуулаад, тухайн орд газар дээр хуульчилсан шийдвэр гаргаад явбал илүү практик ач холбогдолтой, илүү цаг хугацааг хэмнэсэн зүйл болох болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл ашигт малтмалын хуулиа лмаш сайн хийх ёстой. Гадныхан биднээс ашигг малтмалын хуулийг тодорхой, тогтвортой байлгахыг хүсээд байгаа. Заавал энэ ондоо багтаагаад хуулийг батлана гэвэл яаруу ажил болж мэдэх юм.
-1.5 сая төгрөгийг ямар хэлбэрээр өгөх вэ?
-1.5 сая төгрөгийг хуульчлах ёстой. Бүгдийг нь бэлэн мөнгөөр өгвөл Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Ямар хэсэгт бэлэн мөнгөөр өгч болох тал дээр Сангийн яаман дээр хувилбар ярьсан. Тухайлбал 10 хувийг нь бэлнээр болгож, бусдыг нь орон сууцны зээлийн баталгаа болгох, эрүүл мэндийн даатгал, сургалтын төлбөр, ашигт малтмалын хувьцаа гэх мэт хувилбар байна. Тиймээс хуульчлан батлах ёстой. Иргэн мөн адил хаяг, өмчөө бүртгүүлэх гэх мэт иргэнийхээ үүргийг биелүүлсний үндсэнд 1.5 сая төгрөгийг авах эрх нь нээгдэх юм. Түүнээс гадна зөвхөн эх нутагтаа амьдарч байгаа иргэд үүнийг хүртэх үү, гадаадад амьдарч байгаа монгол иргэд хүртэх үү гэдэг асуудал байна. Энэ бүгдийг хуульчлах өстой.
-Агентлагийн бүтцийг 330 орон тоогоор цомхотгоход Засгийн газрын ажлыг хийхэд сөргөөр нөлөөлөх үү?
-Тодорхой хэмжээний орон тоо хэмнэгдэж байна. Тийм учраас цөөн бүрэлдэхүүнээр ажлыг хийх ёстой. Гэхдээ ингэхээс өөр арга байхгүй. 2009 оноос бид арвилан хэмнэхдээ давын өмнө захиргааны зардлыг багасгах замаар орлого бууралтыг нөхөх хэрэгтэй. Хамгийн гол нь тоог цөөлөхдөө гол биш. Энд өөрийн орлогоор санхүүждэг, улсын төсвөөс санхүүждэг зэрэг янз бүрийн агентлаг байсан. Зарим агентлагийн ажилтны тоо 280 хүрч байсан. Хэдэн яам нийлүүлсэнтэй тэнцэх хүнтэй, орлогоор цалинждаг нь нэлээд тансаг хэрэглээтэй байх жишээтэй. Тиймээс одоо бүх агентлагийг улсын төсвөөс санхүүждэг, ижил хэмжээний цалин, хариуцлага, эрх үүрэгтэй болгож байна.
-Яамууд хоёр дэд сайдтай байх тухай яригдах боллоо. Хоёр дэд сайд байх шаардлагатай юу?
-Зарим яамдыг нэгггэсэн. Тухайлбал эрдэс баялаг, эрчим хүчний яам хэдийгээр өөр хоорондоо холбоотой ч хоёр өөр салбар. Тэгэхээр ядаж яамыг нь цомхотгож болсон юм чинь хоёр асуудлыг хариуцах хоёр дэд сайд байх нь зүйтэй гэдэг санал байгаа. Эцсийн шийдвэр гараагүй байна.
Эх сурвалж: Өглөөний сонин