| Хүмүүс: Баяр Санж | |
| Компани: |
.jpg)
УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаан 11.40 цагт, 63 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Танхимд МАХН-ын бүлгийн гишүүд суудлаа эзэлснээс хойш 15 орчим минутын дараа АН-ын гишүүдтэй зэрэгцэн УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ аваад байгаа АН-ын дарга асан Ц.Элбэгдорж орж ирэв.
Түүнтэй мэнд мэдэлцэж байгаа хүн харагдсангүй.
Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл "Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Орон нутгийн сонгуулийг товлон зарлах тухай болон зардлын хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ" гээд Ц.Элбэгдоржийг тангараг өргөхийг урьсан юм. Түүнийг индэрт гарч тангараг өргөсний дараа УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг гишүүд санал нэгтэйгээр батлав. Ц.Элбэгдоржийг суудалдаа суухад нь тохой залган суугаа Батж.Батбаяр л баяр хүргэн гар барьж байгаа харагдав. УИХ дахь АН-ын бүлгээс Ц.Элбэгдорж гишүүнийг Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны гишүүнээр батлах тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлснийг мөн баталлаа.
Дараа нь Ерөнхийлөгч Н.Энхбаяр бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад МАХН-ын дарга С.Баярыг нэр дэвшүүлснийг гишүүдэд танилцуулав. Ерөнхийлөгч Н.Энхбаяр "УИХ-д олонхийн суудал авсан МАХН-аас С.Баярыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай шийдвэрээ энэ сарын 8-ны өдөр надад өргөн барьсан" гээд С.Баярыг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн юм.
Мөн нэгдсэн чуулганы хуралдаан эхлэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, санал нэгтэйгээр шийдвэр гаргасныг тус байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин танилцууллаа. Дараа нь гишүүд нэр дэвшигч С.Баярт асуулт тавьж хариулт авлаа.
Р.Амаржаргал: -Ерөнхий сайд хамтарсан Засгийн газрын гишүүдийг оруулж ирнэ. Ингэхдээ АН-аас тавьсан саналыг тэр чигээр нь оруулж ирэх үү?
С.Баяр: -Хэрэв Ерөнхий сайдаар томилогдвол бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдана. Санал болгосон, хүссэн хүнийг оруулах биш ажиллах чадвар, туршлагыг харгалзан үзнэ.
Л.Гүндалай: -Долдугаар сарын 1-ний үйл явдлын улмаас олон хүн хоригдсон, баригдаж байна. Эндээс манай төр хатуу гэдэг нь харагдаж байна. Арай энэрэнгүй хандах боломж байна уу. Урьд нь эвслийн Засгийн газрын үед Ц.Элбэгдоржийг хулхидсан шиг үйл явдал болохгүй биз дээ. Үнийн өсөлт хэцүү байна. Хүүхдийн мөнгөөр амьдарч буй ажилгүй, дундаж насны өрх олон байна. Хүүхдийн мөнгийг нэмэх бодол байна уу?
С.Баяр: -Долдугаар сарын 1-нд Улаанбаатарт болсон үйл явдлын талаар албан ёсны дүгнэлт гарах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Дүгнэлт гарсны дараа нэгдсэн ойлголтод хүрэх байх. Төр ч бай, иргэн ч бай ардчилсан эрх зүйт Монгол Улсад хуулийн дагуу ажиллаж, амьдрах ёстой. Тэр өдөр Монгол Улсын хууль, тогтоомжийг зөрчсөн иргэн, төрийн албан хаагч хариуцлага хүлээх ёстой. Хамтарсан Засгийн газрыг Монгол Улсын хөгжил, тодорхой зорилтын төлөө байгуулсан. Би МАХН-ын даргын хувьд, УИХ-ын гишүүний хувьд хэлсэн үгэндээ хүрнэ. Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох ёстой гэж боддог. Засгийн газрыг байгуулсны дараа УИХ-д энэ асуудлыг оруулж ирэх болно гэв.
Асуулт хариулт дууссаны дараа арав гаруй гишүүн С.Баярт санал, бодлоо хэлсэн юм.
Р.Амаржаргал: -Амаргүй үед Ерөнхий сайдын албыг хаших гэж байна. Монголчуудын хүсэн хүлээж буй зүйл нь шударга ёс. Шударга, нэр цэвэр хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж үр дүнтэй ажиллаарай.
З.Энхболд: -Ноолуурын үнийн тухай тогтоолыг хэрэгжүүлж буй арга нь туйлын буруу байна. Мал маллаж буй малчид уг тогтоолыг ойлгосон байхад танхимд сууж буй сайд ойлгохгүй байна. Ноолуураас олох хэдэн төгрөгөөс илүү бэлчээр чухал байгаа. Мөн нефтийн бүтээгдэхүүний татварыг "0" болгох эрхээ эдэлж ажилламаар байна. Үнэ нь өндөр үед татварыг бууруулж, багасахад нь ихэсгэдэг баймаар байна. УИХ-ын гишүүдийг 76 болгохын төлөө Ерөнхий сайдын хувьд, МАХН-ын даргын хувьд чармайн ажиллана гэдэгт итгэж байна.
Д.Тэрбишдагва: -Засгийн газар анх байгуулагдахдаа л хууль зөрчсөн. Шударгаар биднийг сонгосон ард түмэн олонхийн суудал өгчихөөд байхад хамтарсан Засгийн газар байгуулж байгаа нь эхнээсээ хууль бус үйлдэл. С.Баяр МАХН-ын дарга. Би МАХН-ын гишүүний хувьд Ерөнхий сайд, даргынхаа эсрэг үг хэлж байгаа юм биш шүү. Хууль ёсны дагуу л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Эхнээсээ л гаж буруу үйл явдал болоод байгаа учраас сэтгэл зовниж байгаа. Зөвхөн би сэтгэл зовохгүй, намайг сонгосон сонгогчид маань наана чинь буруу үйл явдал болоод байна гэж надад захиж байна. Өнөөдөр "Эрин зууны шинэ сонголт хийлээ" гэж ярьж байна. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд болж хамтарсан Засгийн газар байгуулахдаа "Хаан сонголт" гэж ярьж байсан. "Хаан сонголт" хийгээд бид хаан шиг байж чадаагүй. Эрин зууны шинэ сонголт байхгүй гэж би ойлгож байгаа. Яагаад гэвэл ард түмэн хамтарсан Засгийн газрыг хоёр удаа байгуулаад үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ удаа МАХН-д Засгийн газраа байгуул, бусад нь хяналтаа тавь гэж ийм сонголт хийсэн.
Өчигдөр, өнөөдрийн хуралдааны асуулт хариултыг сонсч байхад МАХН, АН хоёр нэгдчихсэн юм шиг санагдаж байна, надад. Ямар ч асуулт тавихгүй, асуудлыг бөөнөөрөө шийдэж байна. Өнөөдөр юмны үнэ өсч, иргэдийн амьдрал сайнгүй байна. Засгийн газар байгуулагдаж байгаа энэ үед сайн асуух ёстой. Тэгж байж л сайн хариулт авч, асуудлыг шийдэж чадна. Парламентын засаглалтай оронд цөөнхийн үг үг байдаг. Ингэж нэг намын системд шилжсэн юм шиг асуудалд хандаж болохгүй. Хэдийгээр би МАХН-ын гишүүн ч гэлээ шударга, үнэний төлөө асуултаа байнга асууж, саналаа ч хэлж байх болно. Нэгэнт Ерөнхий сайд томилогдож байгаа юм чинь Засгийн газрын гишүүдээ сонгохдоо ажил хэрэгч, өмнө нь элдэв хэл ярианд орж байгаагүй тийм хүнийг сонгож, Засгийн газраа даруйхан байгуулах хэрэгтэй гэлээ. Л.Гүндалай, С.Ламбаа, Ц.Сэдванчиг нарын гишүүд мөн саналаа хэлж байсан юм. Ц.Сэдванчиг гишүүн "Нэг нутаг нугын хүмүүс шүү. Хөвсгөлөөс сонгогдсон Ерөнхий сайд. Нутгаасаа сонгогдсон гишүүдээ дэмжиж ажиллаарай" гэх зэргээр нялуун үг хэлэхийг сонссон хэнбугай ч бялдуучилж байна уу даа гэхээр байв.
Ц.Элбэгдорж: -Энэ томилгоог хараад сууж байгаа хүмүүс өнөөдрийн нялуун байдлаас ичиж байгаа байх. Стандарт бус шийдвэр гаргаж, стандарт бус Засгийн газар байгуулах гэж байна. Долдугаар сарын 1-нд таван хүний амь нас үгүй болж, 500 цагдаа зодуулан хэдэн мянган иргэнээ хорьсон Засгийн газартай хариуцлага тооцохгүй байна. АН энэ Засгийн газрыг огцруулахын төлөө байсан бол өнөөдөр хамтрах гээд сууж байна. Энэ байдлыг УИХ таслан зогсоох ёстой. Засгийн газар өөрийн хариуцлагагүйгээс болоод сүүлд хоёр удаа шатахууны үнэ нэмсэн тэр хүмүүсийг нэг бак бензиний үнээр торгож байна. Тэднийг 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөөсөн бол ард түмнээ 200 тэрбум төгрөгөөр торгож байна. Төсвийн алдагдалд тооцвол 400 тэрбум төгрөг болно. Ийм байхад ийм асуудлыг УИХ нь, олонхи, цөөнх нь оруулж ирээд батлах гээд сууж байгаагаас ичих ёстой. УИХ энэ шийдвэрийг баталгаажуулахгүй байвал ард түмэндээ буян үйлдэж чадна. Хяналт тавьдаг цөөнхөө хажуудаа авдаг Засгийн газар гэж хаана байсан юм. Ард түмэн одоо айдас, үзэн ядалтаар хучигдсан байна. Хамгийн хариуцлагагүй байдлыг дэвэргэсэн засаг боллоо. Та нар нийгмийн асуудал, ядуурал, үнийн өсөлт гээд юуг ч шийдэж чадахгүй, юу ч хийж чадахгүй. Хамтарч ажиллахаар боллоо гээд энэ Засгийн өмнөөс С.Баярын зовлонг нам руу барьж орж ирж байна. Уг нь бид ард түмний зовлонг төр рүү барьж очих ёстой. Өнөөдөр энэ зааланд миний ард, хажууд сууж байгаа хүмүүсийн хэлж буй нялуун үгийг та сонсч байна. Үнэхээр шударга ёсыг хүсч байгаа бол ард түмнээсээ ичээч. Хариуцлагагүй байдал Монголд цааш өрнөх нь ээ. Үүнийг яах юм. Сонгуулийг булхайтай хийсэн, түүний ард үймээн самуун бий болгосон. Үнийн өсөлтөд нөлөөлөх шийдвэрийг зургадугаар сард гаргаад өгсөн байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Үнэндээ ялалтдаа итгэхгүй байсан. Хэдэн мянган малчдыг хэдэн сая төгрөгөөр хулхидаж, хариуцлагаас бултаж амьдарна гэж байхгүй. Энэ байдлыг хараад дуугүй байж чадахгүй. Энэ байдлыг УИХ таслан зогсоох ёстой. Бид ард түмний төлөөлөл гэв.
Ц.Элбэгдоржийн үг хэлэх минут нь дууссан тул тэрбээр үгээ дуусгаж чадсангүй. МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан "Тухайн үед Эх орон эвсэл задарч бид дангаараа Засгийн газар байгуулж байсан. Дараа нь хамтаръя гэсэн санал тавьж л байсан шүү дээ. Эв түнжингүй байгаа нь бидний алдаа болж байна. Монгол Улс үсрэнгүй хөгжлийн зааг дээр ирээд байна. Бидэнд цаг алдах эрх байхгүй. Бие биедээ хүлээцтэй хандъя. Засгийн газар 60 хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө гаргах ёстой" гэснээр гишүүдийн хэлэх санал дууслаа.
С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай санал хураалтад 66 гишүүн оролцож, 65 нь зөвшөөрч, Ц.Элбэгдорж гишүүн ганцаараа татгалзаж гар өргөсөн юм. Энэ өдрийн хуралдаанд Ц.Батбаяр, С.Оюун, Э.Бат-Үүл нарыг ирээгүйг тооцвол ирц 66 болох учиртай. Гэтэл гишүүн Х.Баттулга байхгүй байхад санал хураалтад оролцсон гишүүний тоо 66 гэж самбар дээр гарч харагдлаа.
Ийнхүү хариуцлага тооцуулах ёстой С.Баяр урвагчдын ачаар Ерөнхий сайдаар томилогдлоо. Сонгууль будлиантай болсон хэмээн жагсаал цуглаан хийж, амь насаа алдсан хүмүүс болон баригдаж, хоригдсон иргэдийн тэмцэл үнэ цэнэгүй болов. Улс төрийн зарим ажиглагч "Албан тушаалын хэнээтнүүд Монголын парламентыг бузарлаж байна. Ард түмнийг цусанд нь хутгасан С.Баяр төрийн сэнтийд цустайгаа гарч ирлээ. Ардчилсан нийгэмд ийм хүн удахгүй гэдэг нь нотлогдсон үнэн" хэмээн хэлж байна.
Эх сурвалж:Өдрийн сонин